Прокурорын байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үндсэн чиг үүрэг бүхий, үйл ажиллагаагаа төрийн нэрийн өмнөөс явуулдаг, бие даасан, хараат бус, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага мөн.
Home
МОНГОЛ УЛСЫН ГЭМТ ХЭРГИЙН ТУХАЙ ХУУЛЬ PDF Хэвлэх И-мэйл
2013 оны 4-р сарын 05, Баасан гариг, 20:10

Төсөл

МОНГОЛ УЛСЫН ГЭМТ ХЭРГИЙН ТУХАЙ ХУУЛЬ
ЕРӨНХИЙ АНГИ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ХУУЛИЙН НЭР ТОМЬЁО, ЗАРЧИМ
1.1 дүгээр зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
1.1.1 “хохирол” гэж бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр учруулсан гэм хорыг ойлгоно.

1.1.2. “хор уршиг” гэж гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хувьд хохирол учирсан, хохирогч өөрөө эсхүл түүний гэр бүлийн гишүүд нь сэтгэцийн болон бусад хүнд өвчнөөр өвчилсөн, бие эрхтэнд нь хүнд гэмтэл учирсан, амь нас хохирсон, эсхүл гэмт хэргийн улмаас тухайн нөхцөл байдлаас шалтгаалан гарах үр дагаврыг ойлгоно.
1.1.3. чиг хандлага
1.1.4. “нэр төр” гэж тухайн хүний хувийн болон ёс зүй, түүнчлэн ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмжийг хэлнэ.
1.1.5. “хөрөнгө” Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авсан баялгийг хөрөнгө гэнэ. Эд хөрөнгө нь үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө гэсэн хэлбэртэй байна. Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарах үүнээс бусад эд юмс хөдлөх эд хөрөнгөд хамаарна. Эзэмшигч этгээддээ ашиг өгөх, эсхүл бусдаас шаардах эрх олгох эрх буюу шаардлага, оюуны үнэт зүйл нь эдийн бус хөрөнгөд хамаарна
1.1.6. “сэтгэцийн хөгжлийн хоцрогдол“ гэж сэтгэн бодох , хүрээлэн байгаа орчин, эд юмс, үйл явдлыг дүрслэн, санаа бодлоо зөв илэрхийлэх, бусдыг ойлгох, өөртөө үйлчлэх дадал, чадварын хувьд үе тэнгийнхнээсээ илт хоцорсон байдлыг ойлгоно.
1.1.7. “хувийн байдал” гэдэгт гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон үйлдсэний дараах үеийн хөдөлмөр, сурлага, иргэний болон олон нийтийн үүрэгт хандах хандлага, ажил, амьдралын хүрээн дэх зан төлөв, зуршил, нас, хөдөлмөрийн чадвар, биеийн эрүүл мэнд, ам бүл, өөрийн болон өрхийн орлого, амьдралын түвшин, ажил амьдралын дадлага туршлага, ял шийтгэл, шагнал урамшил зэрэг нөхцөл байдлыг хамааруулан ойлгоно.
1.1.8. “эрх эзэмших эрх" гэж утга зохиол, урлагийн бүтээлтэй холбоотойгоор үүсэх зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийг хэлнэ.
1.1.9. “амьдарлын хүнд нөхцөл байдал” гэж өрхийн орлого буурч, нэг гишүүнд ногдох хэмжээ нь амьжиргааны баталгаажих доод түвшинд хүрэхгүй болсон, нэн ядуу, ядуу өрхөд хамаарах байдлыг ойлгоно.
1.1.10. "сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал" гэж нийгэм, сэтгэл зүйн шалтгааны улмаас хүний сэтгэхүй, сэтгэл хөдлөл, зан үйл түр хямарсан байдлыг;
1.1.11. "сэтгэцийн эмгэг" гэж өвчний олон улсын ангиллын "сэтгэц, зан үйлийн эмгэгүүд" бүлэгт заасан оношилгооны хэмжүүрээр оношилж болох бүх өвчнийг;
1. 1.12. “хууль зүйн үүрэг” гэж хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, гэрээгээр хүлээлгэсэн үүрэг, хориг
1.1.13. “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж” иж бүрдэл, бүтцийн хувьд амьд болон бусад биетийг устгах, гэмтээх, мөн бие хамгаалах болон дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн болон хийн, мөн үйлдвэрийн эсхүл гар хийцийн аль нь ч байж болно. Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн буюу засаж тохируулсан хүйтэн болон галт зэвсэг эд зүйл, хэрэгслийг ойлгоно.
1.1.14. “орон байр” гэж хүн нийтээс тусгаарлаж, өөрийн эзэмшил тогтоосон газар, орон зайг хэлнэ. 1.1.15. “эрхшээлдээ байгаа” гэдэгт эд хөрөнгө, албан тушаалаас бусад нөхцөл байдлын улмаас тухайн хүнээс хараат байхыг ойлгоно.
1.1.16. “өөрийгөө илэрхийлэх чадваргүй” гэж бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн согогийн улмаас өөрийн үйлдэл, бодол санааг зөв илэрхийлэх чадваргүй байдлыг хэлнэ.
1.1.19. “гэр бүл ойр дотны хүн” гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн эхнэр, нөхөр, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн, дагавар болон үрчилж авсан хүүхэд, төрсөн ах, эгч, дүү, тэдэнтэй хамт амьдарч байгаа бусад төрөл, садан, түүнчлэн нэг гэр бүлд хамт амьдардаггүй эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн, дагавар болон үрчилж авсан хүүхэд, ач, зээ, гуч, жич, төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг ойлгоно.
1.1.20. “албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг хэлнэ.
1.1.21. “үзэл суртал” хувь хүнийг нийгмийн бүлгийн үйл ажиллагаанд татан оруулах сэдэл болдог субъектив шинжтэй үнэт зүйл, түүнийг хадгалахыг хүсэн сонирхож байдаг үзэл санааг ойлгоно.
1.1.22. “Цэргийн гэмт хэрэг” гэж Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд цэргийн жинхэнэ алба хааж байгаа Монгол Улсын иргэн, цэргийн үүрэгтэн дайчилгаа, сургууль, цугларалтын үед цэргийн алба хаах талаар заавал дагаж мөрдөх журмыг зөрчиж энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэнийг үзнэ. Дайны үед цэргийн алба хаах журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэнд хүлээлгэх ял шийтгэлийг дайны үеийн Монгол улсын хууль тогтоомжоор тодорхойлно.
1.2 дугаар зүйл. Хууль ёсны зарчим
1. Гэмт хэргийн шинж, түүнд хүлээлгэх ял шийтгэлийн төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно. Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй.
2. Гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцсон, эсхүл тооцохгүй болсон, ял шийтгэл хүлээлгэсэн, эсхүл чөлөөлсөн хууль нь энэ хуулийн бүрэлдэхүүн хэсэг болно.
3. Энэ хуулийг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээгээр тогтоосон тодорхойлолт, ухагдахууныг баримтална.
1.3 дугаар зүйл. Шударга ёсны зарчим
1. Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд тохирсон байна.
2. Гэмт хэрэг үйлдсэн хүнд тухайн гэмт хэрэгт нь нэг удаа ял шийтгэл хүлээлгэнэ.
3. Гэмт хэрэг үйлдсэн хүнд ял шийтгэл хүлээлгэхэд үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, чиг хандлага, боловсролоор ялгаварлахгүй.
4. Гэмт хэрэг үйлдсэн хүнд зөвхөн өөрт нь ял шийтгэл хүлээлгэнэ.
1.4 дүгээр зүйл. Хүнлэг энэрэнгүй ёсны зарчим
1. Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, ял шийтгэл хүлээлгэхэд хүнлэг бус, хэрцгий хандах, эрүүдэн шүүх, ялгаварлан гадуурхах, хүний нэр төрийг гутаах зорилго, хэлбэр агуулахгүй.
1.5 дугаар зүйл. Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэргийн тухай хууль үйлчлэх зарчим
1. Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулиар ял шийтгэл хүлээлгэнэ.
2. Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах хилийн чанадад байгаа дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, усан болон агаарын орон зайд байгаа Монгол Улсын хөлөг онгоц, агаарын хөлөгт гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулиар ял шийтгэл хүлээлгэнэ.
3. Гадаад улсын дипломат халдашгүй эрх, эрх ямба эдэлж байгаа хүн, Монгол Улсын олон улсын гэрээний дагуу Монгол Улсын шүүхэд гэмт хэргийн талаар харъяалагдахгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдвэл түүнд ял шийтгэл хүлээлгэх эсэх асуудлыг Монгол Улсын олон улсын гэрээний дагуу шийдвэрлэнэ.
1.6 дугаар зүйл. Монгол улсын нутаг дэвсгэрийн гадна гэмт хэргийн тухай хууль үйлчлэх зарчим
1. Монгол Улсын иргэн, тус улсад байнга оршин суудаг харъяалалгүй хүн гадаад улсад энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдэж, тухайн хэрэгтээ ял шийтгэл хүлээгээгүй бол энэ хуулиар ял шийтгэл хүлээлгэнэ.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүн үйлдсэн гэмт хэрэгтээ гадаад улсад ял шийтгэл хүлээсэн бол Монгол Улсын шүүх түүнд оногдуулсан ял шийтгэлийг энэ хуулийн дагуу хөнгөрүүлэх, эсхүл чөлөөлж болно. Монгол Улсын олон улсын гэрээнд
өөрөөр заагаагүй бол шүүх тухайн хүнийг энэ хуульд заасан үндэслэлээр гэм буруугүйд тооцож болно.
3. Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаад улсад алба хааж байхдаа гэмт хэрэг үйлдсэн Монгол Улсын цэргийн албан хаагчид энэ хуулиар ял шийтгэл хүлээлгэнэ.
4. Монгол Улсын хилийн гадна гэмт хэрэг үйлдсэн гадаадын иргэн, харьяалалгүй хүнд Монгол Улсын олон улсын гэрээнд заасан тохиолдолд энэ хуулиар ял шийтгэл хүлээлгэнэ.
5. Монгол Улсад байнга оршин суудаггүй гадаадын иргэн, харъяалалгүй хүн тус улсын хилийн гадна Монгол Улсын ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг үйлдэж түүндээ ял шийтгэл хүлээгээгүй бол Монгол Улсын олон улсын гэрээнд заасан тохиолдолд энэ хуулиар ял шийтгэл хүлээлгэж болно.
1.7 дугаар зүйл. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг шилжүүлэх
1. Монгол Улсын иргэнийг ял шийтгэл хүлээлгэхээр гадаад улсад шилжүүлэн өгөхгүй.
2. Монгол Улсын нутаг дэвсгэрийн гадна гэмт хэрэг үйлдсэн Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа гадаад улсын харъяат, харъяалалгүй хүнийг Монгол улсын олон улсын гэрээний дагуу гэмт хэрэгт шалгуулах, эсхүл ял шийтгэл хүлээлгэхээр гадаад улсад шилжүүлэн өгөх, эсхүл Олон Улсын Эрүүгийн шүүхэд хүлээлгэн өгч болно.
3. Гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнийг өөр улсын хүсэлтээр ял шийтгэл хүлээлгэхээр шилжүүлэх тохиолдолд тухайн улсын хуулиар цаазаар авах ял оногдуулахаар байвал шилжүүлэн өгөхгүй.
1.8 дугаар зүйл. Гэмт хэргийн тухай хууль үйлчлэх цаг хугацааны зарчим
1. Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, түүнд хүлээлгэх ял шийтгэлийн төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.
2. Гэмт хэрэг үйлдсэн хугацааг гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуулиар хориглосон үйлдэл, эс үйлдэхүй төгссөн хугацаагаар тооцно.
3. Гэмт хэргийн шинж тодорхой цаг хугацаанд үргэлжилсэн бол уг гэмт хэргийг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоосон үеийг гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаагаар тооцно.
1.9 дүгээр зүйл. Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх зарчим
1. Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, хүлээлгэх ял шийтгэлийг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.
2. Энэ хуулиар тухайн гэмт хэрэгт хүлээлгэх ял шийтгэлийн хэмжээг багасгасан тохиолдолд шүүх шинээр тогтоосон хэмжээнд дүйцүүлэн хасна.
1.10 дугаар зүйл. Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа
1. Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол тухайн гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй.
1.1. нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэгдэх гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;
1.2. таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн;
1.3. найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэрэг үйлдсэнээс хойш найман жил өнгөрсөн;
1.4. найман жилээс дээш хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэрэг үйлдсэнээс хойш хорин жил өнгөрсөн;
2. Хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно.
3. Гэмт хэрэг үйлдсэн хүн энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад дахин гэмт хэрэг санаатай үйлдвэл хөөн хэлэлцэх хугацаа тасрах бөгөөд сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн цагаас хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг тус бүрт шинээр тоолно.
4. Энэ хуульд бүх насаар нь хорих ял оногдуулахаар заасан, эсхүл хүн төрөлхтөний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй.
ХОЁРДУГААР БҮЛЭГ. ГЭМТ ХЭРГИЙН ОЙЛГОЛТ, ШИНЖ,
ТӨГСӨӨГҮЙ ГЭМТ ХЭРЭГ
2.1 дүгээр зүйл. Гэмт хэргийн ойлголт, шинж
1. Энэ хуулиар хориглосон, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, эсхүл гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хор уршиг учирсан байхыг хуулиар заасан бол гэмт хэрэгт тооцно.
2. Энэ хуульд шууд заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй.
3. Гэмт хэргийн шинжийг тодорхойлох, тайлбарлахад энэ хууль, бусад хуулиар тогтоосон нэр томъёо, зүйл, хэсэг, заалтыг хэрэглэнэ.
4. Шүүх гэмт хэргийн шинжийг тодорхойлох, энэ хуулийг тайлбарлахад шаардлагатай тохиолдолд хуулиар тусгайлан эрх олгож хэм хэмжээ тогтоосон актыг үнэлж, хэрэглэж болно.
2.2 дугаар зүйл. Гэмт үйлдэл, эс үйлдэхүй, хор уршиг
1. Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг шууд заана.
2. Энэ хуульд заасан хор уршиг учирсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн хор уршигтайгаа шууд шалтгаант холбоотой тохиолдолд гэмт хэрэг гэж үзнэ.
3. Хор уршиг учрах нөхцлийг бүрдүүлэхгүй байх хууль зүйн үүрэг хүлээсэн боловч өөрийн эс үйлдэхүйгээр энэ хуулийн тусгай ангид заасан гэм хор учруулсан бол гэмт хэрэгт тооцно.
2.3 дугаар зүйл. Гэм буруу
1. Гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэж үзнэ. Гэм буруугүйгээр бусдад хор уршиг учруулсан үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэж үзэхгүй.
2. Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна.
3. Өөрийн үйлдэл, эс үйлдэхүй хууль бус шинжтэй болохыг мэдсэн атлаа түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
4. Өөрийн үйлдэл, эс үйлдэхүй хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хор уршиг учирсан, эсхүл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэг гэж үзнэ.
5. Болгоомжгүй гэмт хэргийг энэ хуулийн тусгай ангид болгоомжгүйгээр үйлдэгдэхийг тухайлан заана.
2.4 дүгээр зүйл. Гэм буруугийн холимог хэлбэр
1. Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүсээгүй хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэж үзнэ.
2. Гэм буруугийн холимог хэлбэр нь санаатай гэмт хэрэгт хамаарна.
2.5 дугаар зүйл. Гэм буруугүйгээр хор уршиг учруулах
1. Үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлах боломжгүй, учирч болох хор уршгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсны улмаас энэ хуулийн тусгай ангид заасан хор уршиг учирсан бол гэм буруугүйгээр бусдад хор уршиг учруулсан гэж үзнэ.
2. Гэм буруугүйгээр бусдад хор уршиг учруулсан үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэж үзэхгүй.
2.6 дугаар зүйл. Гэмт хэрэгт завдах, гэмт хэрэг үйлдэхээс татгалзах
1. Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзнэ.
2. Шүүх гэмт хэрэгт завдсан үйлдлийн шинж, гэмт хэргийг туйлд нь хүргэж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулж болно.
3. Гэмт хэрэгт завдсан хүн үйлдлээ туйлд нь хүргэх боломжтойг ойлгож байсан боловч тийнхүү туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан бол ял шийтгэл оногдуулахгүй.
4. Гэмт хэрэг үйлдэхээс татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйд бие даасан өөр гэмт хэргийн шинж байвал тэр гэмт хэрэгт нь ял шийтгэл оногдуулна.
ГУРАВДУГААР БҮЛЭГ. ГЭМТ ХЭРЭГ ХАМТРАН ҮЙЛДЭХ
3.1 дүгээр зүйл. Гэмт хэрэг хамтран үйлдэх
1. Хоёр, эсхүл түүнээс дээш хүн санаатай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг хамтран үйлдсэн гэмт хэрэг гэж үзнэ.
2. Гүйцэтгэгч, эсхүл хатгагч, эсхүл хамжигчийг гэмт хэргийн хамтран үйлдэгч гэж үзнэ.
3.2 дугаар зүйл. Гэмт хэргийн гүйцэтгэгч
1. Энэ хуульд заасан гэмт хэргийг биечлэн, эсхүл бусадтай бүлэглэн гүйцэтгэсэн, эсхүл ял шийтгэл оногдуулах насанд хүрээгүй хүн, эсхүл хэрэг хариуцах чадваргүй хүн, эсхүл мал, эсхүл амьтан, эсхүл бусдыг ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэж үзнэ.
2. Хуулийн этгээдийн гүйцэтгэх, удирдах албан тушаалтан бүрэн эрхээ ашиглан шийдвэр гаргаж энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан үйлдэл, эс үйлдэхүйг бусдаар үйлдүүлсэн бол түүнийг бусдаар дамжуулан гэмт хэрэг үйлдсэн гүйцэтгэгч гэж үзнэ.
3. Хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан удирдлагаас өгсөн шийдвэрийг хууль бус болохыг мэдсээр байж үйлдсэн бол хамтран үйлдсэн гүйцэтгэгч гэж үзнэ.
3.3 дугаар зүйл. Гэмт хэргийн хатгагч
1. Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг өөрөө үйлдээгүй боловч бусдыг гэмт хэрэг үйлдэхэд гарцаагүй хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэж үзнэ.
2. Гэмт хэргийн хатгагчийг гүйцэтгэгчтэй адилтган үзэж ял шийтгэл хүлээлгэнэ.
3. Энэ хуулийн тусгай ангид хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэрэгт хатгасан үйлдэлд ял шийтгэл хүлээлгэхгүй.
3.4 дүгээр зүйл. Гэмт хэргийн хамжигч
1. Гэмт хэрэгт үйлдэхэд зөвлөсөн, эсхүл зааварчилсан, эсхүл мэдээлэл өгсөн, эсхүл гэмт хэрэг үйлдэх хэрэгсэл, зэвсэг олж өгсөн, эсхүл учрах саадыг арилгаж өгсөн, эсхүл гэмт хэрэгтэн, гэмт хэрэг үйлдсэн хэрэгсэл, зэвсэг, гэмт хэргийн ул мөр, гэмт хэрэг үйлдэж олсон зүйлийг нуух, далдлах, худалдах, бусад байдлаар дэмжлэг үзүүлэхээр урьдчилан амалсан хүнийг гэмт хэргийн хамжигч гэж үзнэ.
2. Гэмт хэргийн хамжигчид гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан шүүх энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл хүлээлгэнэ.
3.5 дугаар зүйл. Гэмт хэргийг зөрж гүйцэтгэх
1. Бусад хамтран оролцогчидтой тохиролцоогүй гэмт хэргийг, тэдэнд мэдэгдээгүй үйлдсэнийг зөрж гүйцэтгэх гэж үзнэ.
2. Зөрж гүйцэтгэгчийн үйлдсэн гэмт хэрэгт бусад хамтран оролцогчдод ял шийтгэл хүлээлгэхгүй.
3.6 дугаар зүйл. Бүлэглэн гүйцэтгэх
1. Санаатай гэмт хэргийг хоёр, эсхүл түүнээс дээш хүн хамтран биечлэн үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж үзнэ.
2. Бүлэглэн гүйцэтгэх гэмт хэргийг гүйцэтгэгч тус бүрийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж ял шийтгэл хүлээлгэнэ.
3.7 дугаар зүйл. Зохион байгуулалттай гэмт бүлэг
1. Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн, тогтвортой хүмүүсийн холбоог зохион байгуулалттай гэмт бүлэг гэж үзнэ.
2. Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, удирдсан хүнийг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, удирдсан үйлдэлд нь болон зохион байгуулалттай гэмт бүлгийн бусад гишүүний үйлдсэн гэмт хэргийн гүйцэтгэгч гэж үзэж ял шийтгэл хүлээлгэнэ.
3. Зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүнийг зохион байгуулалттай гэмт бүлэгт элссэн үйлдэлд нь болон биечлэн үйлдсэн, хамтран үйлдсэн гэмт хэрэгт нь ял шийтгэл хүлээлгэнэ.
4. Зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэргээ илчлэн ирсэн, зохион байгуулалттай гэмт бүлгээс үйлдсэн гэмт хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн, мэдээлэл өгсөн, хууль сахиулах байгууллагатай хамтран ажилласан бол түүнд хүлээлгэх ял шийтгэлийг хөнгөрүүлж, чөлөөлж болно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. ГЭМТ ХЭРГИЙГ ҮГҮЙСГЭХ НӨХЦӨЛ БАЙДАЛ
4.1 дүгээр зүйл. Аргагүй хамгаалалт
1. Өөрийн эсхүл бусдын амь нас, эрүүл мэндэд бусдын хууль бус, тулгарсан халдлагын эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэг гэж үзэхгүй.
2. Хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай халдлагаас зайлсхийх, эсхүл бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхийг үл харгалзан аргагүй хамгаалалт хэрэглэх эрхтэй.
4.2 дугаар зүйл. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг албадан саатуулах, гэмт хэргийг таслан зогсоох үед гэмтэл, хохирол учруулах
1. Гэмт хэрэг үйлдсэн хүн, эсхүл оргосон яллагдагчийг баривчлах, хууль сахиулах байгууллагад хүргэх, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоох зорилгоор энэ хуулийн тусгай ангид заасан үйлдлийг аргагүй байдалд хэрэглэсний үр дүнд тухайн хүнд учирсан гэмтэл, хохирол нь баривчлах, саатуулахад шаардлагатай хэр хэмжээнээс хэтрээгүй бол гэмт хэрэг гэж үзэхгүй.
2. Хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд илт тохироогүй, зайлшгүй гэмтэл, хохирол учруулж албадан саатуулах шаардлагатай нөхцөл байдал үүсээгүй байхад гэмт хэрэг үйлдсэн хүнд гэмтэл, хохирол учруулсаныг албадан саатуулах хэр хэмжээг хэтрүүлсэн гэж үзнэ.
4.3 дугаар зүйл. Гарцаагүй байдал
1. Энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд шууд заналхийлсэн аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр энэ хуулиар хориглосон гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж бусдад хор уршиг учруулсаныг гэмт хэрэг гэж үзэхгүй.
2. Заналхийлсэн аюулын шинж чанар, хэр хэмжээтэй тэнцүү эсхүл учирч болох байснаас илүү их гэм хор учруулж аюулыг арилгасан бол гарцаагүй байдлын хэр хэмжээг хэтрүүлсэн гэж үзнэ.
4.4 дүгээр зүйл. Бие махбодийн, сэтгэл санааны албадлага, эрхшээлд автах
1. Өөрийн, гэр бүлийн гишүүн, бусад хүний амь нас, эрүүл мэнд, эрх чөлөөнд аюул учруулахаар бусдаас заналхийлсэн аюулыг өөр аргаар зайлуулах боломжгүй болсоны улмаас энэ хуулиар хориглосон үйлдэл, эс үйлдэхүйгээр бусдад хор уршиг учруулсаныг гэмт хэрэг гэж үзэхгүй.
2. Бусдыг бие махбодийн, сэтгэл санааны албадлага, эрхшээлд оруулж гэмт хэрэг үйлдүүлсэн хүнд тухайн хэргийг үйлдсэнд тооцож ял шийтгэл хүлээлгэнэ.
3. Бусдын заналхийлсэн аюулаас илт хэтэрсэн гэмт хэрэг үйлдсэн бол тухайн үйлдэлд нь ял шийтгэл хүлээлгэнэ.
4.5 дугаар зүйл. Үндэслэлтэй эрсдэл
1. Нийгэмд ашигтай зорилгод хүрэхийн тулд үндэслэлтэй эрсдлийн явцад энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд гэм хор учруулсаныг гэмт хэрэг гэж үзэхгүй.
2. Хэрэв үндэслэлтэй эрсдэл бий болгосон хүн энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд гэм хор учруулахаас сэрэмжлэхийн тулд шаардлагатай арга хэмжээг хангалттай авсан боловч үйлдлийн эрсдэлтэй холбоогүйгээр дурдсан зорилгод хүрч чадаагүй бол үндэслэлтэй эрсдэл гэж үзнэ.
3. Хэрэв тухайн хүн зориуд олон хүний амь насанд аюултай заналхийлэл, экологийн сүйрэл, нийтийн гамшгийн заналхийллийг буй болгосон бол үндэслэлтэй эрсдэл гэж үзэхгүй.
4.6 дугаар зүйл. Тушаал, даалгавар биелүүлэх
1. Нийтийн албаны албан тушаалтаны бичгээр, эсхүл амаар өгсөн заавал биелүүлэх тушаал, даалгаврыг хууль бус болохыг мэдэх боломжгүй эсхүл мэдэлгүйгээр биелүүлж энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд гэм хор учруулсаныг гэмт хэрэг гэж үзэхгүй. Хууль бус тушаал даалгавар өгсөн хүнд уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж ял шийтгэл хүлээлгэнэ.
2. Илт хууль бус тушаал, даалгаврыг зориуд биелүүлсэн хүнд уг гэмт хэргийг үйлдсэн гүйцэтгэгчээр, тушаал, даалгавар өгсөн хүнийг хатгагчаар тооцож ял шийтгэл хүлээлгэнэ.
3. Илт хууль бус тушаал, даалгаврыг зориуд биелүүлээгүй хүнийг ял шийтгэлээс чөлөөлж, тушаал даалгавар өгсөн хүнийг уг гэмт хэрэгт завдсанд тооцож ял шийтгэл хүлээлгэнэ.
ТАВДУГААР БҮЛЭГ. ЯЛ ШИЙТГЭЛИЙН ҮНДЭСЛЭЛ, ТӨРӨЛ
5.1 дүгээр зүйл. Ял шийтгэл хүлээлгэх үндэслэл
1. Энэ хуулиар хориглосон гэмт хэргийн шинжийг хангасан үйлдэл, эс үйлдэхүй нь ял шийтгэл хүлээлгэх үндэслэл болно.
2. Гэмт хэрэг үйлдсэн хүнд түүний үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө, ажил, албан тушаал, оршин суугаа газар, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролыг харгалзахгүйгээр ял шийтгэл хүлээлгэнэ.
3. Гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэх асуудлыг зөвхөн шүүх шийдвэрлэнэ.
4. Ял шийтгэл нь эрүүдэн шүүх, хүний нэр төрийг гутаах зорилготой, эсхүл тийм шинжтэй байж болохгүй.
5. Ял шийтгэл нь гэмт хэргийн шинж, хор уршиг, гэмт хэрэгтний хувийн байдалд тохирсон, хэрэгжихүйц байна.
5.2 дугаар зүйл. Ял шийтгэл хүлээх хүний нас
1. Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн хүнд ял шийтгэл хүлээлгэнэ.
2. Энэ зүйлийн 1 /нэг/ дэх хэсэгт заасан насанд хүрсэн хүүхэд сэтгэцийн хөгжлийн хоцрогдлын улмаас гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинж, түүний улмаас учрах хор уршгийг бүрэн хэмжээгээр ухамсарлах чадваргүй бол түүнд ял шийтгэл хүлээлгэхгүй.
5.3 дугаар зүйл. Хэрэг хариуцах чадвар
1. Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан хүнд ял оногдуулна.
2. Сэтгэцийн архаг зовиур, сэтгэцийн түр зовиур, оюун ухааны хомсдол, эсхүл сэтгэцийн өөр өвчний улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлаж, эсхүл түүнийг удирдан жолоодох чадваргүй болсныг хэрэг хариуцах чадваргүй гэж үзнэ.
3. Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд ял оногдуулахгүй, энэ хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.
5.4 дүгээр зүйл. Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх ял шийтгэл
1. Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн хүнд ял шийтгэл хүлээлгэнэ.
2. Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэсэн ял шийтгэл дээр нэмж эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахаар шүүх шийдвэрлэж болно.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ. ЯЛ
6.1 дүгээр зүйл. Ялын төрөл
1. Ял нь дараах төрөлтэй байна:
1.1. торгох;
1.2. нийтэд тустай ажил хийлгэх;
1.3. эрх чөлөө хязгаарлах;
1.4. хорих.
6.2 дугаар зүйл. Торгох ял
1. Энэ хуулийн тусгай ангид заасан хэмжээний дотор, шүүхээс ялтанд мөнгөн төлбөр оногдуулахыг торгох ял гэнэ.
2. Шүүх гэмт хэргийн хор уршиг, ялтны хөрөнгө, цалин хөлс эсхүл бусад орлого олох боломжийг харгалзан тавин мянган төгрөгөөс тавин сая хүртэл төгрөгөөр тогтооно.
3. Шүүх нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ялыг хоёр жил хүртэлх хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоож болно.
4. Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд сайн дураараа биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын хорин таван мянган төгрөгийг хорих ялын нэг өдөртэй дүйцүүлэн солино.
6.3 дугаар зүйл. Нийтэд тустай ажил хийлгэх ял
1. Энэ хуулийн тусгай ангид заасан хугацаагаар гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхээс тодорхойлсон газарт нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг нийтэд тустай ажил хийлгэх ял гэнэ.
2. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, нийт нэг зуун хориос долоон зуун хорин цагаар тогтооно.
3. Нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын дөрвөн цагийг хорих ялын нэг өдрөөр дүйцүүлэн солино.
4. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадваргүй хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эх, эцэг, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй.
6.4 дүгээр зүйл. Эрх чөлөө хязгаарлах ял
1. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг хууль сахиулах байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой эрхийг хязгаарлах, тодорхой үүрэг хүлээлгэх, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон замаар зорчих, хууль
сахиулах байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг эрх чөлөө хязгаарлах ял гэнэ.
2. Шүүх үйлдсэн гэмт хэргийн шинж, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ялтанд бусадтай, эсхүл тодорхой нэг, эсхүл хэсэг хүнтэй харьцахыг хориглож болно.
3. Шүүх ялтанд эрх чөлөөг хязгаарлах ял эдлэх хугацаандаа хууль сахиулах байгууллагад тогтмол очиж бүртгүүлэх, зан байдлыг засах хөтөлбөрт хамрагдах үүрэг хүлээлгэж болно.
4. Шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хоригийг зөрчсөн ялтны эрх чөлөөг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногт дүйцүүлэн хорих ялаар солино.
6.5 дугаар зүйл. Хорих ял
1. Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг долоо хоногоос хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад нийгмээс тусгаарлахыг хорих ял гэнэ.
2. Шүүх гэмт хэргийн шинж, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид заасан хэмжээний дотор, нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад хорих ялыг эдлүүлэхээр тогтооно.
3. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн хүнийг бүх насаар нь нийгмээс тусгаарлан хаалттай хорих байгууллагад хорих ял эдлүүлнэ.
4. Бүх насаар хорих ял шийтгүүлсэн хүн хорин жил хоригдсоны дараа түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, ялтны хувийн байдлыг үндэслэн бүх насаар хорих ялыг хугацаатай хорих ял эдэлсэнд тооцож суллах эсэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
5. Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан журмаар гэмт хэрэг үйлдсэн хүнийг суллаагүй бол 3 жил тутам энэ талаар дахин хэлэлцэнэ.
6. Нээлттэй болон хаалттай хорих байгууллагын дэглэмийг хуулиар тогтооно.
7. Шүүх ялтны хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, хор уршгийг арилгасан байдлыг харгалзан хаалттай хорих байгууллагаас нээлттэй хорих байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэж болно.
8. Ялтан хорих ял эдлэх хугацаандаа нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх журмыг зөрчсөн бол шүүх хаалттай хорих байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэж болно.
9. Хорих ял эдэлж буй ялтан заавал хөдөлмөр эрхэлнэ.
ДОЛДУГААР БҮЛЭГ. ЯЛ ОНОГДУУЛАХ, ЯЛААС ЧӨЛӨӨЛӨХ
7.1 дүгээр зүйл. Ял оногдуулах журам
1. Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг удирдлага болгон тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулна.
2. Шүүх ял оногдуулахад гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.
7.2 дугаар зүйл. Хэд хэдэн гэмт хэрэгт ял оногдуулах
1. Шүүх хэд хэдэн гэмт хэрэгт ял оногдуулахад гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.
2. Нэг төрлийн хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь тухайн төрлийн ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй.
7.3 дугаар зүйл. Ялыг дүйцүүлж тооцох
1. Шүүх хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол торгох ялын хорин таван мянган төгрөг, нийтэд тустай ажил хийлгэх ялын дөрвөн цаг, эрх чөлөө хязгаарлах ялын нэг хоног, хорих ялын нэг хоногийг хооронд нь дүйцүүлэн нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.
7.4 дүгээр зүйл. Хорих ялыг эрх чөлөө хязгаарлах ялаар солих
1. Дор дурдсан үндэслэл байвал шүүх хорих ялыг эрх чөлөө хязгаарлах ялаар сольж эдлүүлнэ.
1.1. жирэмсэн бол төрөхөөс өмнө гурван сар, төрснөөс хойш нэг жил хүртэл;
1.2. гурав хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг, эхийн хүүхдийг гурван нас хүртэл;
2. Найман жилээс дээш хугацаагаар хорих ял шийтгэгдэх гэмт хэрэг үйлдсэн хүний хорих ялыг эрх чөлөө хязгаарлах ялаар солихгүй.
3. Ялтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хор уршгийг арилгасан бол шүүх гэмт хэргийн шинж, ялтны хувийн байдлыг харгалзан эдлээгүй үлдсэн ялаас бүрэн эсхүл заримыг чөлөөлж болно.
7.5 дугаар зүйл. Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоох
1. Хорих ял эдэлж байгаа хүн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн, зан байдлаараа нийгэмд аюулгүй болсноо нотлон харуулсан, ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, найман жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын хоёрны нэгээс доошгүй хувийг, найман жилээс хорин жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын гуравны хоёроос доошгүй хувийг эдэлсэн бол шүүх оногдуулсан хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоохоор шийдвэрлэж болно.
2. Шүүх хугацаанаас нь өмнө хорих ялаас суллахдаа эдлээгүй үлдсэн ялын хугацаатай тэнцүү хяналтын хугацаа тогтооно.
3. Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол суллаж, хяналт тогтоох шийдвэрийг хүчингүй болгож
ялын эдлээгүй үлдсэн хэсгээс хяналтанд байсан хугацааг хасч үлдсэн ялыг эдлүүлэхээр тогтооно.
4. Хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх суллаж, хяналт тогтоох шийдвэрийг хүчингүй болгож эдлээгүй үлдсэн ял дээр сүүлд үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ.
5. Хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох шийдвэрийг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэнэ.
7.6 дугаар зүйл. Өвчний учир ялаас чөлөөлөх
1. Гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэний дараа сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай болж, өөрийн үйлдлийн бодит шинж чанар ба нийгмийн аюулын байдлыг ухамсарлах, эсхүл түүнийгээ удирдан жолоодох чадваргүй болсон хүнийг ялаас чөлөөлж эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.
2. Гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэний дараа ял эдлүүлэхэд саад болохуйц өөр өвчнөөр өвчилсөн хүнийг ял эдлэхээс шүүх чөлөөлж болно.
3. Энэ хуульд заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ялаас чөлөөлөгдсөн хүн эмчлэгдсэн бол шүүх түүнд оногдуулж болох байсан ялаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг авагдсан хугацааг хасч үлдсэн ялыг эдлүүлэхээр шийдвэрлэнэ.
4. Арван таван жилээс дээш хугацаагаар хорих ял шийтгэгдэх гэмт хэрэг үйлдсэн хүн ял эдлүүлэхэд саад болохуйц өвчнөөр өвчилсөн, гэмт хэрэг үйлдсэн хүн, эсхүл ялтан өөртөө санаатайгаар гэмтэл учруулж өвчилсөн бол ялаас чөлөөлөхгүй, эмнэлгийн хяналтанд ялыг эдлүүлнэ.
7.7 дугаар зүйл. Ял хөнгөрүүлэх нөхцөл байдал
1. Шүүх ял оногдуулахдаа дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ:
1.1. анх удаа гэмт хэрэг үйлдсэн;
1.2. жирэмсэн эмэгтэй гэмт хэрэг үйлдсэн;
1.3. амьдралын хүнд нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн;
1.4. бие махбодийн буюу сэтгэл санааны албадлагын үр дүнд эсхүл эд хөрөнгийн, албан тушаалын эсхүл бусад эрхшээлд орсны улмаас гэмт хэрэг үйлдсэн;
1.5. хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн;
1.6. өөрийгөө илчилсэн, гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход тусалсан;
1.7. гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлөх, хор уршгийг арилгах санаачилга гаргасан;
1.8. өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль ёсны дагуу гэж, эсхүл нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн;
1.9. гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн;
1.10. сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн.
2. Шүүх ял оногдуулахдаа энэ зүйлийн 1 дэх хэсэгт заагаагүй өөр хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж болно.
3. Хэрэв энэ хуулийн тусгай ангийн холбогдох зүйлд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд ял оногдуулахдаа харгалзан үзэхгүй.
7.8 дугаар зүйл. Ял хүндрүүлэх нөхцөл байдал
1. Шүүх ял оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзана:
1.1. ялгаварлан гадуурхах, үзэн ядах сэдэлтээр үйлдсэн;
1.2. өс хонзонгийн сэдэлтээр үйлдсэн;
1.3. өөр гэмт хэргийг нуух, хөнгөвчлөх зорилгоор үйлдсэн;
1.4. албаны үүргээ гүйцэтгэх, олон нийтийн үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хохирогч, түүний ойр дотны хүний эсрэг үйлдсэн;
1.5. хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, эрхшээлдээ байгаа хүний эсрэг үйлдсэн;
1.6. онц харгис хэрцгий аргаар, зовоон тарчлааж, тохуурхан даажигнаж үйлдсэн;
1.7. онц байдал, гамшиг, аюулт үзэгдэл, нийтийн эмх замбараагүй байдлын үед үйлдсэн;
1.8. албаны дүрэмт хувцас, баримт бичгийг ашиглаж үйлдсэн.
2. Шүүх ял оногдуулахдаа энэ зүйлийн 1 дэх хэсэгт заагаагүй өөр хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүй.
3. Хэрэв энэ хуулийн тусгай ангийн холбогдох зүйлд хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд ял оногдуулахад харгалзан үзэхгүй.
НАЙМДУГААР БҮЛЭГ. АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ
8.1 дүгээр зүйл. Албадлагын арга хэмжээний төрөл
1. Гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах албадлагын арга хэмжээ нь дараахь төрөлтэй байна:
1.1. хянан харгалзах;
1.2. эрх хасах, хязгаарлах;
1.3. гэмт хэрэг үйлдэж олсон, хөрөнгө, орлогыг хураах;
1.4. монгол улсаас албадан гаргах;
1.5. эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх.
8.2 дугаар зүйл. Тэнсэж, хянан харгалзах
1. Энэ хуулийн тусгай ангид найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн байдлыг харгалзан шүүх ял оногдуулахгүйгээр нэг жил хүртэл хорих ял оногдуулах гэмт хэрэгт нэг жил, нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах гэмт хэрэгт нэг жилээс таван жил хүртэл хянан харгалзах хугацааг тогтоож болно.
2. Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэхгүй байх, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг арилгах, нийгэмд аюултай зан үйлээ засах сургалт, үйл ажиллагаанд хамрагдах, хяналт тавьж буй хууль сахиулах байгууллагын зөвшөөрөлгүйгээр шилжин явах, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөхгүй байх, тодорхой газарт очихгүй байх, эмчилгээ хийлгэх үүрэг хүлээлгэж болно.
3. Хянан харгалзах арга хэмжээ авагдсан хүн шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон журмыг зөрчсөн бол тэнсэж, хянан харгалзах шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ял оногдуулна.
4. Тэнсэж, хянан харгалзах арга хэмжээ авагдсан хүн энэ хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэж, хянан харгалзах шийдвэрийг хүчингүй болгож урьд үйлдсэн гэмт хэрэгт нь болон сүүлд үйлдсэн гэмт хэрэгт нь энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.
5. Тэнсэж, хянан харгалзах арга хэмжээ авагдсан хүн энэ хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тэнсэж, хянан харгалзах шийдвэрийг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэнэ.
6. Гэмт хэрэг санаатай үйлдэж ял шийтгэгдэж байсан хүнийг тэнсэж, хянан харгалзахгүй.
8.3 дугаар зүйл. Эрх хасах, хязгаарлах
1. Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд сонгогдох, томилогдох, тодорхой төрлийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг бүрмөсөн хасах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хязгаарлах, эрх эзэмших эрхийг хүчингүй болгох, тодорхой хугацаагаар түдгэлзүүлэхийг эрх хасах, хязгаарлах албадлагын арга хэмжээ гэнэ.
2. Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн шинжийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан ялыг оногдуулах, эсхүл оногдуулахгүйгээр эрх хасах, хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно.
3. Шүүх эрх хасах, хязгаарлах албадлагын арга хэмжээг хорих, эрх чөлөө хязгаарлах ялд нэмж хэрэглэсэн бол ял эдэлж дууссаны дараа, торгох, нийтэд тустай ажил хийлгэх ялд нэмж хэрэглэсэн бол ял оногдуулсан үеэс хугацааг тоолно.
4. Шүүх эрх хасах, хязгаарлах албадлагын арга хэмжээг тэнсэж, хянан харгалзах албадлагын арга хэмжээтэй хамт хэрэглэх бол тэнсэж, хянан харгалзах албадлагын хэрэглэсэн үеэс хугацааг тоолно.
8.4 дүгээр зүйл. Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, хөрөнгө, орлогыг хураах
1. Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, хөрөнгө, орлогыг хэний эзэмшил, өмчлөлд байгааг үл харгалзан хураан авна.
2. Хэрэв гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, хөрөнгө, орлого гурав дахь хүний өмчлөлд шилжсэн бол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч, эд зүйл, хөрөнгө, орлогыг шударгаар олж авсан хүнд хууль бус хэлцлийн улмаас учирсан хохирлыг буруутай хүнээр нөхөн төлүүлэх шийдвэр гаргана.
3. Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, хөрөнгө, орлогыг мэдсээр байж авсан хүнд нөхөн төлбөр олгохгүй.
4. Хураан авсан эд зүйл, хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүнээс бусдад учруулсан хохирлыг төлүүлэх, хор уршгийг арилгахад зарцуулна.
5. Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, хөрөнгө, орлогыг хууль ёсны өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь хүсэлт гаргавал тэргүүн ээлжинд тэдэнд буцаан олгоно.
6. Хураагдсан эд зүйл, хөрөнгө, орлого хэнийх болохыг тогтоох боломжгүй эсхүл хохирогч буцаан авахаас татгалзсан бол түүнийг төрийн өмчлөлд шилжүүлнэ.
8.5 дугаар зүйл. Монгол Улсаас албадан гаргах
1. Шүүх энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гадаадын иргэнд ял оногдуулах эсхүл оногдуулахгүйгээр Монгол Улсаас албадан гаргахаар шийдвэрлэж болно.
2. Шүүх гэмт хэрэг үйлдсэн гадаадын иргэнд ял оногдуулсан бол тухайн ялыг эдэлж дууссаны дараа Монгол Улсаас албадан гаргах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлнэ.
8.6 дугаар зүйл. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ
1. Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан, гэмт хэрэг үйлдсэний дараа хэрэг хариуцах чадваргүй болсон, хэрэг хариуцах чадвартай боловч сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүний сэтгэцийн байдал өөртөө эсхүл бусдад аюул учруулж болзошгүй нөхцөлд шүүх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шийдвэр гаргана.
2. Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсны улмаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүний хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол шүүх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг зогсоох тухай шийдвэр гаргана.
3. Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүний сэтгэцийн байдал нь өөртөө болон бусдад аюул учруулахааргүй бол шүүх эмнэлгийн чанартай
албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр сэтгэцийн эрүүл мэндийн холбогдох байгууллагад эмчлүүлэх, асран хамгаалагчид халамжлуулахаар шилжүүлж болно.
4. Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан боловч гэмт хэргийг хянан шийдвэрлэх үед хэрэг хариуцах чадваргүй болсны улмаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүний хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол шүүх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг зогсоож ял шийтгэл хүлээлгэх эсэхийг шийдвэрлэнэ.
5. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан ялтан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад эмчлэгдсэн, эсхүл хэрэг хариуцах чадваргүй байдал нь арилсан бол шүүх түүнд оногдуулсан ялаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан нэг хоногийг хорих ялын нэг хоногт дүйцүүлэн хасч үлдсэн ялыг эдлүүлнэ.
6. Хэрэг хариуцах чадвартай байдалд үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүний хэрэг хариуцах чадварыг үгүйсгээгүй сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг эмчлэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд шүүх амбулаторийн албадан хяналт эсхүл сэтгэцийн эмгэг судлаачаар эмчлүүлэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.
7. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, дэглэм, хугацааг шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүх тогтооно.
8. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг сунгах, өөрчлөх, зогсоох эсэхийг шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүх шийдвэрлэнэ.
8.7 дугаар зүйл. Гэм буруугаа хүлээсэн хүнд хүлээлгэх ял шийтгэл
1. Гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлөх, хор уршгийг арилгах хүсэлтээ илэрхийлсэн бол шүүх үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг харгалзан дараах байдлаар шийдвэрлэж болно.
1.1 Энэ хуулийн тусгай ангид хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт ял оногдуулахгүйгээр албадлагын арга хэмжээ хэрэглэх эсхүл ял шийтгэлээс чөлөөлөх;
1.2 Энэ хуулийн тусгай ангид таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт ялын дээд хэмжээний гуравны нэгээс хэтрүүлэхгүйгээр, эсхүл доод хэмжээнээс доогуур ял оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр албадлагын арга хэмжээ хэрэглэх;
1.3 Энэ хуулийн тусгай ангид найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, эсхүл доод хэмжээнээс доогуур ял оногдуулах;
1.4 Энэ хуулийн тусгай ангид таван жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулах.
2. Энэ хуулийн тусгай ангид бүх насаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг хүлээн зөвшөөрсөн бол түүнд хугацаатай хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ.
3. Шүүх энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмаар ял шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн тусгай ангид заасан тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж болно.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ.
ХҮҮХДЭД ХҮЛЭЭЛГЭХ ЯЛ ШИЙТГЭЛ
9.1 дүгээр зүйл. Хүүхдэд хүлээлгэх ял шийтгэл
1. Гэмт хэрэг үйлдэх үедээ арван найман нас хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.
2. Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдэх үедээ арван найман нас хүрсэн боловч хорин нэгэн нас хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.
9.2 дугаар зүйл. Хүүхдэд оногдуулах ял
1. Хүүхдэд оногдуулах ял нь дараахь төрөлтэй байна:
1.1. нийтэд тустай ажил хийлгэх;
1.2. эрх чөлөөг хязгаарлах;
1.3. хорих.
9.3 дугаар зүйл. Нийтэд тустай ажил хийлгэх
1. Гэмт хэрэг үйлдсэн хүүхдэд нас, биед нь тохирсон, эрүүл мэнд ёс суртахуун, хүүхдийн сэтгэцийн хөгжилд нь харш бус нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулна.
2. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар эдлүүлж жараас гурван зуу хүртэл цагаар тогтооно.
3. Шүүх нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаас гадна хүмүүжлийн арга хэмжээг давхар хэрэглэж болно.
9.4 дүгээр зүйл. Хүүхдийн эрх чөлөө хязгаарлах ял
1. Шүүх энэ хуулийн тусгай ангид эрх чөлөө хязгаарлах ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн хүүхдэд энэ хуулийн 6.4 дүгээр зүйлд заасан журмаар, тусгай ангид заасан эрх чөлөө хязгаарлах ялыг хоёр дахин багасгаж оногдуулна.
9.5 дугаар зүйл. Сургалт- хүмүүжлийн тусгай байгууллагад хорих
1. Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн хүүхдэд энэ хуулийн 6.5 дугаар зүйлд заасан журмаар, тусгай ангид заасан хорих ялыг хоёр дахин багасгаж оногдуулна.
2. Хүүхдэд оногдуулсан хорих ялыг эдлүүлэх нээлттэй болон хаалттай сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын дэглэмийг хуулиар тогтооно.
3. Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад ял эдэлж буй хүүхдэд ерөнхий, мэргэжлийн боловсрол, хөдөлмөрлөх дадал олгох сургалт зохион байгуулна.
4. Хорих ял эдэлж буй хүүхдээр хөдөлмөр эрхлүүлэхийг хориглоно.
5. Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял эдэлж байсан ялтан 18 насанд хүрсэн бол түүний эдлээгүй үлдсэн хорих ялыг хорин нэгэн нас хүртэл нь сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад үргэлжлүүлэн эдлүүлэх, эсхүл насанд хүрэгчдийн хорих байгууллагад шилжүүлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ.
9.6 дугаар зүйл. Хүүхдэд хүлээлгэх хүмүүжлийн арга хэмжээ
1. Хүүхдэд хүлээлгэх хүмүүжлийн арга хэмжээ нь дараахь төрөлтэй байна:
1.1. үүрэг хүлээлгэх;
1.2. гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг өөрөөр нь арилгуулах;
1.3. бусдын батлан даалтад өгөх;
1.4. зан үйл өөрчлөх сургалтад хамруулах;
1.5. мэргэжил эзэмших, суралцах, ажил хийхийг даалгах;
1.6. хортой зуршлаас ангижрах эмчилгээ, сургалтад хамруулах;
1.7. хохирогчоос биечлэн уучлалт гуйлгах.
2. Энэ зүйлийн 1-д заасан хүмүүжлийн арга хэмжээг хэрэглэх журам, хугацааг шүүх тогтооно.
9.7 дугаар зүйл. Гэм буруугаа хүлээсэн хүүхдэд хүлээлгэх ял шийтгэл
1. Гэмт хэрэг үйлдсэн хүүхэд өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлөх, хор уршгийг арилгах хүсэлтээ илэрхийлсэн бол шүүх үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн хүүхдийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг харгалзан дараах байдлаар шийдвэрлэж болно.
1.1 Энэ хуулийн тусгай ангид хоёр /таван/ жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт ял оногдуулахгүйгээр албадлагын арга хэмжээ хэрэглэх эсхүл ял шийтгэлээс чөлөөлөх;
1.2 Энэ хуулийн тусгай ангид найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт ялын дээд хэмжээний гуравны нэгээс хэтрүүлэхгүйгээр, эсхүл доод хэмжээнээс доогуур ял оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр албадлагын арга хэмжээ хэрэглэх;
1.3 Энэ хуулийн тусгай ангид найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, эсхүл доод хэмжээнээс доогуур ял оногдуулах;
1.4 Энэ хуулийн тусгай ангид таван жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулах.
2. Энэ хуулийн тусгай ангид бүх насаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг хүлээн зөвшөөрсөн бол түүнд хугацаатай хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ.
3. Шүүх энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмаар ял шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн тусгай ангид заасан тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж болно.
9.8 дугаар зүйл. Хүүхдийг ялаас чөлөөлөх
1. Гэмт хэрэг үйлдэж хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн хүүхдэд энэ хуульд заасан хүмүүжлийн арга хэмжээг хэрэглэн шүүх ялаас чөлөөлж болно.
2. Гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүүхдийг шүүх ялаас чөлөөлж, хүүхдийг хүмүүжүүлэх зорилгоор сурган хүмүүжүүлэх зүйн тусгай арга барил эсхүл хүмүүжил, сургалтын онцгой нөхцөл бүхий албадлагын арга хэмжээ болох боловсролын сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад байлгаж болно. Хүүхдийг дурдсан байгууллагад арван найман нас хүртэл нь гурван жил хүртэл хугацаагаар байлгана.
3. Хүүхдийг боловсролын сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад байлгах эсэхийг шүүхээс тогтоосон хугацаа дуусахаас өмнө хэрэв шүүх хүүхдэд энэ арга хэмжээг хэрэглэх шаардлагагүй гэж үзвэл зогсоож болно.
4. Боловсролын сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад байлгах хугацааг зөвхөн хүүхэд ерөнхий боловсролын сургалт болон мэргэжлийн бэлтгэлээ дуусгах зайлшгүй шаардлагатай тохиолдолд түүний хүсэлтээр сунгана.
5. Энэ хуулийн тусгай ангид хүндрүүлэх нөхцөлтэй гэмт хэрэг үйлдсэн бол ялаас чөлөөлөхгүй.
9.9 дүгээр зүйл. Хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, хянан харгалзах
1. Сургалт -хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял эдэлж буй хүүхдийг энэ хуулийн 7.5 дугаар зүйлд заасан журмаар хугацаанаас өмнө суллаж хяналт тогтооно.
9.10 дугаар зүйл. Хөөн хэлэлцэх хугацаа
1. Энэ хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүүхдийн үйлдсэн гэмт хэрэгт хэрэглэхдээ хоёр дахин багасгана.
ТУСГАЙ АНГИ
АРАВДУГААР БҮЛЭГ
ХҮНИЙ АМЬД ЯВАХ ЭРХИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
10.1 дүгээр зүйл. Хүнийг алах
1. Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
10.2. дугаар зүйл. Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алах
1.Хүнийг:
1.1. хоёр, түүнээс олон хүнийг;
1.2. онц харгис хэрцгийгээр, зовоон тарчлааж, тохуурхан даажигнаж, хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны зовиур үүсгэх байдлаар;
1.3. нийтэд аюултай аргаар;
1.4. хэн нэгний хүсэлтээр, тодорхой болзол бүхий захиалгаар;
1.5. өөртөө болон бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
1.6. хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, эсхүл арван дөрвөн насанд хүрээгүй, эсхүл жирэмсэн болохыг мэдсээр байж;
1.7. гэр бүл-ахуйн харилцааны улмаас эрхшээлдээ байгаа хүнийг;
1.8. хүнийг эрхэлж буй ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, ойрын төрөл садангийн хүнийг;
1.9. зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
1.10. бүлэглэн гүйцэтгэсэн;
1.11. эрүүдэн шүүж;
1.12. хууль бусаар баривчлах, саатуулах үедээ;
1.11. улс төр, үзэл суртал, арьсны өнгө, нийгмийн тодорхой бүлгийн харьяалал, үндэс угсаа, шашин шүтлэг, бэлгийн чиг хандлагаар нь үзэн ядаж алсан бол найман жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
10.3 дугаар зүйл. Хөнгөрүүлөх нөхцөл байдалтайгаар хүнийг алах
1.Хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсноос хүн алсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Өөртэй нь болон түүний ойр дотны хүнтэй зүй бус хэрцгий харьцаж, хүндээр доромжилсон үйлдлийн улмаас уурлан бухимдаж хүнийг алсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
10.4 дүгээр зүйл. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг албадан саатуулах хэр хэмжээг хэтрүүлж хүнийг алах
1. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг баривчлах, саатуулахад зайлшгүй шаардлагатай арга хэмжээг хэтрүүлж хүнийг алсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
10.5 дугаар зүйл. Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх
1. Эрхшээлдээ байгаа хүнийг амиа хорлох нөхцөл байдалд гарцаагүй хүргэсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Хүнийг байнга хүчирхийлсэн, эсхүл доромжилсон, эсхүл зодсон, эсхүл тамлан зовоосон, эсхүл айлган сүрдүүлсэн, эсхүл дарамталсаны улмаас хүнийг амиа хорлох нөхцөл байдалд гарцаагүй хүргэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
10.6 дугаар зүйл. Эх нь нярай хүүхдээ алах
1.Хэрэг хариуцах чадвар нь үгүйсгэгдээгүй сэтгэцийн гүнзгий хямралын нөхцөл, сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай байдалд байгаа эх нэг сар хүрээгүй нярай хүүхдээ санаатай алсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
10.7 дугаар зүйл. Жирэмслэлтийг хүчээр таслан зогсоох
1. Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг жирэмслэлтийг хүчээр таслан зогсоосон бол нэг жилээс таван жил хүртэл хорих ял шийтгэнэ.
Эмч эмнэлгийн нөхцөлд жирэмсэн эмэгтэйн амь бие, эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй шаардлагыг үндэслэн жирэмслэлтийг зогсоосныг хүчээр таслан зогсоосон гэж үзэхгүй.
2. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид хүнд гэмтэл учирсан, эсхүл хохирогч нас барсан бол хоёр жилээс найман жил хүртэл хорих ял шийтгэнэ.
10.8 дугаар зүйл. Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох
1. Болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Хор уршиг учрах нөхцлийг бүрдүүлэхгүй байх хууль зүйн үүргийг биелүүлээгүйн улмаас хүний амь нас болгоомжгүйгээр хохироосон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ гэмт хэргийн улмаас хоёр эсхүл түүнээс дээш хохирогч нас барсан бол таван жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
ХҮНИЙ БИЕ МАХБОДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
11.1 дүгээр зүйл. Хүний бие махбодид халдаж хүнд гэмтэл учруулах
1. Хүний бие махбодид халдаж хүнд гэмтэл учруулсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.2 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, эсхүл зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглаж хүнд гэмтэл учруулсан бол таван жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
11.2 дугаар зүйл. Хөнгөрүүлөх нөхцөл байдалтайгаар хүний бие махбодид халдаж хүнд гэмтэл учруулах
1. Өөртэй нь болон түүний ойр дотны хүнтэй зүй бус хэрцгий харьцаж, хүндээр доромжилсон үйлдлийн улмаас уурлан бухимдаж хүний бие махбодид халдаж хүнд гэмтэл учруулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
11.3 дугаар зүйл. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг албадан саатуулах хэр хэмжээг хэтрүүлж хүний бие махбодид хүнд гэмтэл учруулах
1. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг баривчлах, саатуулахад зайлшгүй шаардлагатай арга хэмжээг хэтрүүлж хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан бол алсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
11.4 дүгээр зүйл. Хүний бие махбодид болгоомжгүй хүнд гэмтэл учруулах
1. Болгоомжгүйгээр хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан бол нэг жил хүртэл хорих ял шийтгэнэ.
2. Хор уршиг учрах нөхцлийг бүрдүүлэхгүй байх хууль зүйн үүргийг зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан бол нэг жилээс таван жил хүртэл хорих ял шийтгэнэ.
11.5 дугаар зүйл. Хүний бие махбодид халдаж хүндэвтэр гэмтэл учруулах
1. Хүний бие махбодид халдаж хүндэвтэр гэмтэл учруулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.2 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, эсхүл зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглаж хүндэвтэр гэмтэл учруулсан бол хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
11.6 дугаар зүйл. Хөнгөрүүлөх нөхцөл байдалтайгаар хүний бие махбодид халдаж хүндэвтэр гэмтэл учруулах
1. Өөртэй нь болон түүний ойр дотны хүнтэй зүй бус хэрцгий харьцаж, хүндээр доромжилсон үйлдлийн улмаас уурлан бухимдаж хүний бие махбодид халдаж хүндэвтэр гэмтэл учруулсан бол нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
11.7 дугаар зүйл. Хүний бие махбодид болгоомжгүй хүндэвтэр гэмтэл учруулах
1. Хор уршиг учрах нөхцлийг бүрдүүлэхгүй байх хууль зүйн үүргийг зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан бол хоёроос зургаан сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
11.8 дугаар зүйл. Хүний бие махбодид халдах, хөнгөн гэмтэл учруулах
1. Хүний бие махбодид хүч хэрэглэж халдсан, хөнгөн гэмтэл учруулсан бол хоёр сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.2 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, эсхүл зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглаж халдсан, хөнгөн гэмтэл учруулсан бол хоёр сараас зургаан сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХҮНИЙ БЭЛГИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
12.1 дүгээр зүйл. Хүчиндэх
1. Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эрхшээлдээ байгааг далимдуулан бэлгийн дур хүслээ хангах зорилгоор хохирогчийн биеийг эзэмдэхдээ түүний биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ нэвтрүүлсэн, эсхүл хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн биеийн нэг хэсэг болон өөр зүйл нэвтрүүлсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг:
2.1. хүүхдийн эсрэг;
2.2. бүлэглэж;
2.3. хүндэвтэр, хүнд гэмтэл учруулж;
2.4. хоёр эсхүл түүнээс дээш удаа;
2.5. харгис хэрцгий аргаар, зовоон тарчлааж, тохуурхан даажигнаж үйлдсэн бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ гэмт хэргийг:
3.1. арван дөрөв хүртэлх насны хүүхдийн эсрэг;
3.2. зохион байгуулалттай гэмт бүлэг;
3.3. энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
Арван дөрөв хүртэлх насны хүүхдийн эсрэг бэлгийн дур хүслээ хангах зорилгоор халдсаныг хүчиндэх гэмт хэрэгт тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй.
12.2 дугаар зүйл. Бэлгийн шинжтэй үйлдэлд албадах
1. Хохирогчид сэтгэл санааны дарамт учруулж, эсхүл эрхшээлдээ байгаа байдлыг ашиглаж бэлгийн харьцаанд орохыг албадсан бол нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
12.3 дугаар зүйл. Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах
1. Хүч хэрэглэхгүйгээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах үйлдэл хийсэн нь хүчиндэх гэмт хэргийн шинжгүй бол нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
12.4 дүгээр зүйл. Биеэ үнэлэхэд албадах
1. Хүч хэрэглэж, заналхийлж биеийг нь үнэлүүлсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
12.5 дугаар зүйл. Бэлгийн мөлжлөг
1. Хүнийг хүч хэрэглэж, заналхийлж, сэтгэцийн өвчтэй, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах чадваргүй болсон, эсхүл эрхшээлдээ байгаа хүнийг бэлгийн харьцаанд оруулж ашиг олсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг
2.1 хоёр, түүнээс дээш удаа;
2.2 хүүхдийн эсрэг;
2.3 хоёр түүнээс дээш хүний эсрэг үйлдсэн бол таван жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй.
3. Энэ гэмт хэргийн улмаас хүний бие махбодид хүнд гэмтэл учирсан, эсхүл хохирогч нас барсан, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол найман жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
12.6 дугаар зүйл. Бэлгийн дарамт үзүүлэх
1. Бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр эсхүл өөр хэлбэрээр илэрхийлсэн, эсхүл хурьцал үйлдэхээс аргагүй байдалд оруулсан, эсхүл бэлгийн сэдлийн улмаас ажил, албан тушаал, эд материал, сэтгэл санааны болон бусад байдлаар хохироох үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэсэн, айлган сүрдүүлсэн, тулган шаардсан бол долоо хоногоос нэг сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
12.7 дугаар зүйл. Насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох
1. Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар ял шийтгэнэ.
2. Арван найман насанд хүрээгүй хүн хохирогчийг арван зургаан насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол нэг жил хүртэл хорих ял шийтгэнэ.
АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ.
ХҮНИЙ ХАЛДАШГҮЙ, ЧӨЛӨӨТЭЙ БАЙХ ЭРХИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
13.1 дүгээр зүйл. Эрүүдэн шүүх
1. Хууль сахиулагч өөрөө эсхүл бусдыг хатгаж, эсхүл бусдад зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар зөвшөөрч буйгаа илэрхийлж сэжигтэн, яллагдагч, бусад хүнээс тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах зорилгоор болон ял, шийтгэл эдэлж байгаатай нь холбогдуулан өөрт нь эсхүл бусад хүний бие махбодид халдсан, сэтгэл санааны зовиур зориуд учруулсан, айлган сүрдүүлсэн, дарамт шахалт үзүүлсэн, ялгаварлан гадуурхсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
13.2 дугаар зүйл. Хүн худалдаалах
1. Хүний биеийг үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, хууль бусаар албадан хөдөлмөрлүүлэх, эд эрхтнийг нь авч ашиглаж мөлжих зорилгоор хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, айлган сүрдүүлэх, залилах, хууран мэхлэх, хулгайлах, эрх мэдлээ урвуулан ашиглах, хохирогчийн эдийн засгийн, эрүүл мэндийн, хөгжлийн, гэр бүлийн таагүй орчноос үүдэлтэй бэрхшээлтэй байдлыг нь далимдуулах, хүчирхийллийн бусад хэлбэрийг ашиглах, өөр хүнийг эрхшээлдээ байлгаж буй хүний зөвшөөрлийг авахын тулд төлбөр төлөх, хахуульдах аргаар хүнийг элсүүлсэн, тээвэрлэсэн, дамжуулсан, нуун далдалсан, хүлээн авсан бол таван жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг:
2.1. хүүхэд, жирэмсэн эмэгтэйг гэдгийг мэдсээр байж;
2.2. зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн;
2.3. Монгол улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол найман жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй.
13.3 дугаар зүйл. Хүн хулгайлах
1. Хүний хүсэл зоригоос гадуур, бусдад мэдэгдэхгүйгээр авч явж өөрийн захиргаанд оруулж, эрх, эрх чөлөөг нь хууль бусаар хязгаарласан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг:
2.1. хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж;
2.2. зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
13.4 дүгээр зүйл. Хүн барьцаалах
1. Суллах нөхцөл болгон ямар нэгэн үйлдэл хийлгэх, ямар нэгэн үйлдэл хийхээс түдгэлзүүлэхээр төр, байгууллага, иргэнийг албадах зорилгоор хүнийг барьцаалсан, тогтоон барьсан бол таваас арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг:
2.1. хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж;
2.2. зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол найман жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Сайн дураараа эсхүл засаг төрийн шаардлагаар барьцаалагдсан хүнийг чөлөөлсөн хүний үйлдэлд өөр гэмт хэргийн бүрэлдүүнгүй бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө.
13.5 дугаар зүйл. Хүний орон байранд /эрх /хууль бусаар халдах
1. Өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрсэн бол нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Хууль сахиулагч хуульд заасан, үндэслэл, журмыг зөрчиж хүний орон байр, эзэмшил газарт нэвтэрсэн, нэгжлэг хийсэн, эд хөрөнгө хураан авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
13.6 дугаар зүйл. Хүн, түүний эд зүйлс, тээврийн хэрэгслийг хууль бусаар нэгжих, хураан авах, битүүмжлэх
1. Хууль сахиулагч /хамгаалалтын ажилтан/ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүн, түүний эд зүйлс, тээврийн хэрэгсэл хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нэгжлэг хийсэн, эд хөрөнгө битүүмжилсэн, хураан авсан бол нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
13.7 дугаар зүйл. Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрс бичлэг хийх
1. Өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд гэрэл зураг авсан, дуут, дүрст бичлэг хийсэн бол гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Хууль сахиулагч хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж орон байранд /орон байранд нэвтэрсэн болон гадна талаас / гэрэл зураг авах, дуут, дүрст бичлэг хийсэн бол хоёр сараас зургаан сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
13.8 дугаар зүйл. Хууль бусаар баривчлах, саатуулах
1. Хууль сахиулагч хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний эрх чөлөөнд халдсан, баривчилсан, саатуулсан бол нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
13.9 дүгээр зүйл. Хууль бусаар хүний захидал харилцааны нууцад халдах
1. Бусдын яриаг хууль бусаар техник хэрэгсэл ашиглан чагнасан, хуулбарласан, хадгалсан, эсхүл захидал, цахилгаан, цахим шуудан, мессеж, факс, илгээмж, бусад харилцаа холбооны хэрэгслээр дамжуулсан мэдээллийг зориуд олж авсан, нээсэн, хуулбарласан, хадгалсан, устгасан, бусдад дамжуулсан бол нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Хууль сахиулагч хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
13.10 дугаар зүйл. Хувь хүний мэдээлэлд халдах
1. Хувь хүний нууцад хамаарах баримт, мэдээллийг өөрийнх нь эсхүл эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр олж авсан, устгасан, өөрчилсөн бол нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
13.11 дүгээр зүйл. Хувийн нууцыг задруулах
1. Хувь хүний, ажил хэргийн, худалдаа арилжааны нууцыг ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн эмч, эмнэлгийн ажилтан, сурган хүмүүжүүлэгч, хуульч, нотариатч, нийгмийн ажилтан, нийтийн албан хаагч, сэтгэл зүйч, эвлэрүүлэн зуучлагч, аудитор задруулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
13.12 дугаар зүйл. Албадан хөдөлмөрлүүлэх
1. Хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг нь далимдуулан эрхшээлдээ оруулж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хүнийг цалин хөлсгүй, эсхүл илт хохиролтой болзол, нөхцөл тулгаж, эсхүл нэр төрийг гутаасан шинжтэй хөдөлмөр эрхлүүлсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХҮНИЙ ХУВИЙН, УЛС ТӨРИЙН ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
14.1 дүгээр зүйл. Ялгаварлан гадуурхах
1. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, төрх байдал, бэлгийн чиг хандлага, хүйсийн баримжаа, нийгмийн тодорхой бүлэгт харьяалагдах байдлаар ялгаварлан гадуурхаж эрх, эрх чөлөөг нь хязгаарласан, тодорхой үйлдэл, эс үйлдэхүй шаардсан, заналхийлсэн бол нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг хүч хэрэглэж, эсхүл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл бүлэглэж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
14.2 дугаар зүйл. Мэдээлэл хайх, хүлээн авахад саад учруулах
1. Албан тушаалтан тухайн хүний эрх ашиг сонирхолд шууд хамаарах албан ёсны баримт, мэдээллийг өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан, эсхүл бүрэн бус мэдээлэл өгсөн, эсхүл илт худал мэдээлэл өгсний улмаас иргэний эрх зөрчигдсөн бол хоёр сараас зургаан сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах иргэний эрхийг хэрэгжүүлэхэд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж саад учруулсан бол хоёр сараас зургаан сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
14.3 дугаар зүйл. Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах
1. Өөрийн эсхүл бусдын ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, эсхүл тараалгахгүй байхын тулд сэтгүүлчийн хуульд нийцсэн мэргэжлийн үйл ажиллагаанд саад хийсэн бол нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр айлгаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулахаар сүрдүүлж үйлдсэн бол гурван сараас зургаан сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
14.4 дүгээр зүйл. Шүтэж бишрэх эрх чөлөөг хэрэгжүүлэхэд саад учруулах
1. Хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр айлгаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулахаар сүрдүүлж шашны байгууллагын үйл ажиллагаа, эсхүл шашны зан үйл үйлдэхэд саад учруулсан бол зургаан сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 2. Аливаа шашны байгууллага, лам, хувраг, санваартан, шашин номыг түгээгч өөрийн шашны үзэл номлолоо бусдад хүчээр тулгасан, шахалт үзүүлсэн, хууран мэхэлсэн, эд мөнгөөр татсан бол нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
14.5 дугаар зүйл. Иргэн сонгуулийн эрхээ эдлэх эсхүл сонгуулийн хорооны ажилд саад хийх
1. Иргэний сонгох, сонгогдох, ард нийтийн санал асуулгад оролцох эрхээ хэрэгжүүлэхэд болон сонгуулийн хорооноос хуулийн дагуу явуулж байгаа үйл ажиллагаанд хуульд заагаагүй эрх эдлүүлэхийг шаардах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, худал, хуурамч мэдээлэл олон нийтэд тараах замаар саад хийсэн бол гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ хэргийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хууран мэхлэж, сонгогчдыг эд мөнгөөр татах, санал худалдаж авах аргаар үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлөх зорилготой хуйвалдаан зохион байгуулсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
14.6 дугаар зүйл. Сонгууль болон ард нийтийн санал асуулгад хууль бусаар илүү санал өгөх
1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их хурал, орон нутгийн хурлын сонгууль, ард нийтийн санал асуугад оролцох үед санал хураалтын дүнд хууль бусаар нөлөөлөх, будлиантуулах зорилгоор саналын хуудас ашиглан нэгээс илүү удаа санал өгсөн, эсхүл нэгээс илүү удаа санал өгөхийг санаатайгаар зохион байгуулсан бол хоёр сараас зургаан сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Сонгуулийн хуудас, ард нийтийн санал асуулгын хуудсыг хууль бусаар бэлтгэсэн, ба түүнийг хадгалсан, тээвэрлэсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
14.7 дугаар зүйл. Сонгуулийн болон бүх нийтийн санал асуулгад баримт бичгийг хуурамчаар үйлдэх, санал хураалтын дүнг буруу гаргах
1. Сонгуулийн болон ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах хорооны дарга, гишүүн, бусад албан тушаалтан нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар сурталчилгаа явуулсан, энэ зорилгоор сонгогчоос сонгуулийн эрхээ хэрэгжүүлэхэд, түүнчлэн санал хураах, тоолох ажилд санаатайгаар саад хийсэн, бусдыг төлөөлж санал өгөх, саналын хайрцгийн лац, битүүмжлэлийг гэмтээх, гарын үсэг хуурамчаар үйлдэх, саналын хуудас солих, хүчингүй саналын хуудсаар санал авахыг зохион байгуулсан, хатгасан, дэмжсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ
ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
15.1 дүгээр зүйл. Өвчтөнд тусламж үзүүлэхгүй байх
1. Эмнэлгийн мэргэжилтэн хууль, журмын дагуу өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүй хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан бол нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид хүнд гэмтэл учирсан, эсхүл хохирогч нас барсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
15.2 дугаар зүйл. Аюултай байдалд орхих
1.Бага настай, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, өвчний улмаас бусдын туслалцаа асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэнд аюултай нөхцөлд байхад түүнд тусламж үзүүлэх хууль зүйн үүрэг хүлээсэн хүн үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хүндэвтэр гэмтэл учирсан бол нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид хүнд гэмтэл учирсан, эсхүл хохирогч нас барсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
15.3 дугаар зүйл. Хүний цус, эд, эрхтэнг хууль бусаар авах
1. Хүний цус, эд, эрхтэнг хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, эсхүл эрхшээлдээ байгаа хүний эсрэг үйлдсэн бол таван жилээс арван жил хүртэл хорих ял шийтгэнэ.
15.4 дүгээр зүйл. Хүний цус, эд, эрхтэнг шаардлага хангаагүй нөхцөлд бэлтгэх, шилжүүлэн суулгах
1. Эмч, эмнэлгийн ажилтан хүний цус, эд, эрхтэнг шаардлага хангаагүй нөхцөлд бэлтгэсэн, шилжүүлэн суулгасны улмаас хохирогчид хүнд гэмтэл учирсан, эсхүл нас барсан бол таван жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
15.5 дугаар зүйл. Хууль бусаар үр хөндөх
1. Үр хөндөх тусгай зөвшөөрөлгүй хүн хууль бусаар үр хөндсөний улмаас хохирогчид хүнд гэмтэл учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
15.6 дугаар зүйл. Дархлалын олдмол хомсдлын вирус халдаах
1. Хүнийг дархлалын олдмол хомсдолын вирусын халдвар, өвчин тусах аюулд зориуд хүргэсэн бол гурван жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Өөрийн биед дархлалын олдмол хомсдолын өвчин байгааг мэдсэн хүн бусдад энэ өвчнийг халдаасан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ зүйлийн хоёр дахь хэсэгт заасан гэмт хэргийг хоёр эсхүл түүнээс дээш хүн, эсхүл насанд хүрээгүй хүний хувьд зориуд үйлдсэн бол найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4.Мэргэжлийнхээ үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас дархлалын олдмол хомсдолын өвчнийг бусад хүнд халдаасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэ зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн хүн хэрэв дархлалын олдмол хомсдолын өвчнийг бусдад халдаах аюулыг бий болгосон, эсхүл халдаасан хүнийг цаг тухайн үед нь сайн дураараа мэдэгдэж, урьдчилан сэрэмжлүүлсэн тохиолдолд ял шийтгэлээс чөлөөлнө.
АРВАН ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
16.1 дүгээр зүйл. Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах
1. Хүүхдэд амлалт өгч, эсхүл хууран мэхэлж, эсхүл хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл эмзэг байдлыг далимдуулж гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Хүүхдийг зохион байгуулалттай гэмт бүлэгт, эсхүл найман жилээс дээш хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
16.2 дугаар зүйл. Хүүхдийг нийгэмд харш үйлдэлд татан оруулах
1. Хүүхдийг байнгын согтуурал, донтох байдалд татан оруулсан бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийн улмаас хүүхдийн бие махбодид хүнд гэмтэл учирсан, эсхүл хүүхэд нас барсан, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол найман жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
16.3 дугаар зүйл. Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх
1. Хүүхдийг санаатай хаясан, төөрүүлсэн, хүүхдийг оршин байгаа газраас нь хөөж, хавчин гадуурхаж тэнүүчлэхэд хүргэсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид хүнд гэмтэл учирсан, эсхүл хохирогч нас барсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
16.4 дүгээр зүйл. Хүүхдийг гуйланчлалд хүргэх
1. Хүүхдэд амлалт өгч, эсхүл хууран мэхэлж, эсхүл хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл эмзэг байдлыг далимдуулж байнга гуйлга гуйлгасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид хүнд гэмтэл учирсан, эсхүл хохирогч нас барсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
16.5 дугаар зүйл. Хүүхэд солих
1. Хүүхдийг санаатайгаар сольсон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
16.6 дугаар зүйл. Хүүхэд худалдах
1. Төрүүлсэн, эсхүл үрчлэн авсан, эсхүл асран хамгаалж харгалзан дэмжиж буй хүүхдээ бусдад худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
16.7 дугаар зүйл. Хүүхдийг хайхрахгүй орхих
1. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сурган хүмүүжүүлэгч, хүүхэд асрах хууль зүйн үүрэг хүлээсэн хүн 7 хүртэл насны хүүхдийг хайхрахгүй орхисон, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүүхдийн бие махбодид гэмтэл учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид хүнд гэмтэл учирсан, эсхүл хохирогч нас барсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
16.8 дугаар зүйл. Хүүхдийг шийтгэх
1. Насанд хүрсэн хүн хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө шийтгэж бие махбодид халдсан бол хоёр сараас зургаан сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг багш, сурган хүмүүжүүлэгч үйлдсэн бол нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
16.9 дүгээр зүйл. Хүүхдэд садар самууныг сурталчлах
1. Хүүхдэд садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг бусад зүйлсийг зориуд үзүүлсэн, өгсөн, харуулсан, сурталчилсан бол нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэрэгт арван зургаан насанд хүрээгүй хүүхдийг ашигласан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
16.10 дугаар зүйл. Хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх
1. Ажил олгогч зориуд хүүхдээр аюултай ажил, эрүүл мэнд бие бялдар, оюун санаанд хохирол учруулахуйц, хориглосон ажил, үйлчилгээ эрхлүүлсэн бол нэг жил хүртэл хорих ял шийтгэнэ.
АРВАН ДОЛДУГААР БҮЛЭГ.
ӨМЧЛӨХ ЭРХИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
17.1 дүгээр зүйл. Хулгайлах
1. Бусдын хөдлөх эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
17.2 дугаар зүйл. Хөнгөрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлах
1. Амьдралын аргагүй нөхцөл байдлын улмаас бусдын эд хөрөнгийг хулгайлсан бол нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
17.3 дугаар зүйл. Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлах
1. Энэ гэмт хэргийг:
1.1. тогтмол үйлдэж орлогын эх үүсвэр болгосон;
1.2. хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн;
1.3. түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлсийг хулгайлсан;
1.4. тусгай зөвшөөрлөөр эзэмших ангийн буу, галт зэвсэг, сум, тэсэрч дэлбэрэх бодис хулгайлсан;
1.5. учрах саадыг арилгах, хүч хэрэглэх, заналхийлэх зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
17.4 дүгээр зүйл. Онц хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлах
1. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
17.5 дугаар зүйл. Дээрэмдэх
1. Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглаж үйлдсэн бол таван жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
17.6 дугаар зүйл. Залилах
1. Хуурах, баримт бичиг, эд зүйл ашиглаж, эсхүл цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль бусаар авч ашиглан шамшигдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдэхээ зогсоосон бол ашиглан шамшигдуулсан гэж үзэхгүй.
2. Энэ гэмт хэргийг:
2.1. тогтмол үйлдэж орлогын эх үүсвэр болгосон;
2.2. зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн;
2.3. олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
17.7 дугаар зүйл. Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах
1. Хуурах, баримт бичиг, эд зүйл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар хуулиар тогтоосон нийгмийн халамж, нийгмийн хөгжлийн үйлчилгээг авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
17.8 дугаар зүйл. Даатгалыг хууль бусаар авах
1. Хуурах, баримт бичиг, эд зүйл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар даатгал авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
17.9 дүгээр зүйл. Завших, үрэгдүүлэх
1. Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан, эсхүл үрэгдүүлсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
17.10 дугаар зүйл. Айлган сүрдүүлэх
1. Ашиг олох зорилгоор хохирогч эсхүл түүний ойр дотны хүнд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг
учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж бусдыг тодорхой үйлдэл хийлгэх, эсхүл хийлгэхгүй байх, эсхүл эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн өгөхийг хууль бусаар шаардаж албадсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг:
2.1. тогтмол үйлдэж орлогын эх үүсвэр болгосон;
2.2. албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үйлдсэн;
2.3. зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
17.11 дүгээр зүйл. Алдуул мал, гээгдэл, санамсаргүй олдсон эд хөрөнгө завших
1. Алдуул мал, гээгдэл эсхүл санамсаргүй олдсон эд хөрөнгө завшсан бол нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
17.12 дугаар зүйл. Хууль бусаар бусдын тээврийн хэрэгсэл ашиглах
1. Эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусдын тээврийн хэрэгслийг ашигласан бол нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
17.13 дугаар зүйл. Эд хөрөнгө устгах, гэмтээх
1. Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, эсхүл гэмтээсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг нийтэд аюултай аргаар үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
17.14 дүгээр зүйл. Бусдын эд хөрөнгө хамгаалахад хайнга хандах
1. Бусдын эд хөрөнгийг хадгалах, хамгаалах хууль зүйн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдын эд хөрөнгө устсан, гэмтсэн, үрэгдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
17.15 дугаар зүйл. Нотариатч, эрхийн улсын бүртгэгч, өмчлөгчийн эрхийг зөрчих
1. Өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг нотариатч зориуд гэрчлэн баталсан, эрхийн улсын бүртгэгч бүртгэсний улмаас бусдад хор уршиг учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
17.16 дугаар зүйл. Болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах гэмтээх
1. Хор уршиг учрах нөхцлийг бүрдүүлэхгүй байх хууль зүйн үүргийг зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр хохирол учруулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
17.17 дугаар зүйл. Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах
1. Авто тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч замын хөдөлгөөнд оролцсон нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй бол долоо хоногоос гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
АРВАН НАЙМДУГААР БҮЛЭГ.
ЭДИЙН ЗАСГИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
18.1 дүгээр зүйл. Татвар төлөхөөс зайлсхийх
1. Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татварын улсын байцаагчийн актаар тогтоосон төлбөл зохих татвар, торгууль, алдангийг төлөхөөс зориуд зайлсхийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
18.2 дугаар зүйл. Хууль бусаар эд зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх
1. Зохих зөвшөөрөлгүйгээр, гаалийн үзлэгээс гадуур, хилийн боомтгүй газраар, эсхүл гаалийн үзлэгээс нуун далдлах, тухайн эд зүйлийн нэр, төрөл, тоо хэмжээ, хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчлөх, түүнчлэн гаалийн баримт бичиг болон гаалийн лац ломбыг хуурамчаар үйлдэх, засварлах, гаалийн мэдүүлэгт бичихгүй орхих, эсхүл худал мэдүүлж эд зүйлийг улсын хилээр нэвтрүүлсэн, эсхүл гаалийн хяналтын талбайн хилээр гаргасан, оруулсан, дамжин өнгөрүүлсэн бол нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг үйлдэж Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын тогтоол, Олон улсын гэрээ, Засгийн газрын шийдвэрээр улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, эсхүл тарифын болон тарифын бус аргаар хязгаарласан бараа бүтээгдэхүүн, амьтан, түүхий эд, эд зүйлс, эрдэнэс, эрдэс, валютын үнэт зүйлс, байгалийн төрц, нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг хууль бусаар нэвтрүүлсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ гэмт хэргийг албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн, түүнчлэн галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4. Энэ гэмт хэргийг үйлдэж соёлын дурсгалт зүйл, музейн үзмэр, эртний амьтны болон ургамлын өвөрмөц ховор үнэт олдвор, археологийн эсхүл палентологийн олдвор, эд өлгийн зүйл, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол таван жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
18.3 дугаар зүйл. Мөнгө угаах
1. Илтэд хууль бусаар олсон хөрөнгийг хууль ёсны байдалтай болгохын тулд эх үүсвэрийг халхавчилсан, эсхүл нуун далдалсан, өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг шилжүүлсэн, эсхүл бодит шинж чанар, хэлбэр, байршлыг өөрчилсөн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг:
2.1. албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үйлдсэн;
2.2. зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ
18.4 дүгээр зүйл. Хуурамч мөнгө, үнэт цаас бэлтгэх, борлуулах
1. Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний болон гадаад улсын мөнгөн тэмдэгт, үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгслийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
18.5 дугаар зүйл. Хууль бусаар дампуурах
1. Эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, үүрэг, эд хөрөнгийн мэдээ сэлт, түүний хэмжээ эсхүл байрлаж байгаа газар, эсхүл эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, үүргийн тухай бусад мэдээлэл, бусад хүнд эзэмшүүлэхээр эд хөрөнгө шилжүүлсэн, эд хөрөнгө өгсөн эсхүл устгасныг нуусан, эсхүл хуулийн этгээд эсхүл хувиараа хөдөлмөр эрхлэгчийн эдийн засгийн үйл ажиллагааг илэрхийлсэн нягтлан бодох бүртгэлийн эсхүл бусад тооцооны баримт бичгийг нуусан, устгасан, хуурмагласан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, үүсгэн байгуулагч шунахайн эсхүл хувийн бусад сэдэлтээр зээлийн өр төлөхийг хойшлуулах, түүнийг төлөх нөхцөлийг хөнгөрүүлэх, зээлийн өрийн хүүг багасгах, эсхүл төлөхгүй байхын тулд төлбөрийн чадваргүй болсон гэж харилцагч талд мэдэгдэх, дампуурлын хэрэг үүсгэх хүсэлт гаргах зэргээр зохиомлоор дампууруулсны улмаас бусдад хор уршиг учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
АРВАН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ.
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
19.1 дүгээр зүйл. Үндэсний эрх ашгаас урвах
1. Монгол Улсын иргэн гадаад улсын, ашиг сонирхлоороо нэгдсэн бүлгийн, хуулийн этгээдийн, хувь хүний Монгол Улсын Үндсэн хуульт байгуулал, үндэсний аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
19.2 дугаар зүйл. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах
1. Төрийн эрх барих дээд байгууллагыг эрх мэдлийг хууль бусаар авах, хадгалах зорилгоор үгсэн тохирсон, эсхүл сонгуулийг будлиантуулах, хүчирхийллийн аргаар авах үйлдлийг зохион байгуулсан, оролцсон, өдөөн турхирсан, санхүүгийн
болон бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлсэн бол найман жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
19.3 дугаар зүйл. Зэвсэгт үймээн дэгдээх,
1. Монгол улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулах, иргэний дайн үүсгэх зорилгоор зэвсэгт үймээн зохион байгуулсан, эсхүл түүнд идэвхтэй оролцсон бол найман жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
19.4 дүгээр зүйл. Хорлон сүйтгэх
1. Монгол улсын эдийн засаг, батлан хамгаалах хүчин чадлыг сулруулах зорилгоор үйлдвэр, байгууламж, зам, мэдээллийн эсхүл холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн цахим сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн бол найман жилээс хорин жил хүртэл хорих ял шийтгэнэ.
2. Энэ хэргийг:
2.1. нийтэд аюултай аргаар үйлдсэн;
2.2. зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол найман жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
19.5 дугаар зүйл. Үндэсний эв нэгдлийг бусниулах
1. Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны үзэл номлолоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхах, хүчирхийлэх, эрхийг нь хязгаарласан эсхүл давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол таван жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэглэл үйлдсэн бол найман жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
19.6 дугаар зүйл. Эх орноосоо урвах
1. Монгол Улсын иргэн дайны байдлын үед дайсны талд шилжин орсон, зэвсэгт халдлага, мөргөлдөөн, түрэмгийллийн үйлдэлд дайсны талд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.
19.7 дугаар зүйл. Тагнуул хийх
1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын байгууллагад элссэн, нууцаар хамтран ажиллахаар тохиролцсон, эсхүл гадаад улс, түүний байгууллага, тэдгээрийн төлөөний этгээдэд төрийн нууцыг шилжүүлэн өгсөн, өгөх зорилгоор цуглуулсан, хадгалсан, олж авах боломж олгосон бол найман жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Гадаадын улсын иргэн, харъяалалгүй хүн гадаад улс, түүний байгууллага, тэдгээрийн төлөөний этгээдэд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцыг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан дамжуулсан, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг
үйл ажиллагаа явуулахад ашиглах зорилгоор бусад төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлсийг гадаад улсын тагнуулын байгууллагын даалгавраар хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэн хариуцсан буюу албан тушаалтан, тусгай албаны ажилтан үйлдсэн бол найман жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.
4. Гадаад улсын тагнуулын байгууллагад элссэн, нууцаар хамтран ажиллахаар тохиролцсон боловч төрийн зохих байгууллагад сайн дураараа, цаг тухайд нь мэдэгдсэн, Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд туслалцаа үзүүлсэн иргэний үйлдэл нь өөр гэмт хэргийн шинжгүй бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө.
19.8 дугаар зүйл. Төрийн нууцыг хууль бусаар олж авах
1. Төрийн нууцыг хууль бусаар олж авсан нь эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгүй бол нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
19.9 дүгээр зүйл. Төрийн нууцыг задруулах
1. Төрийн нууцыг санаатайгаар задруулсан нь эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгүй бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан буюу албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн хүн үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
19.10 дугаар зүйл. Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх
1. Монгол улсад орох эсхүл Монгол улсаас гарах эрх бүхий хүчин төгөлдөр баримт бичиггүйгээр, эсхүл Монгол улсын хууль тогтоомжоор тогтоосон журмын дагуу олж авсан зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Үзэл бодол, улс төрийн болон шударга ёсны бусад үйл ажиллагааны улмаас хавчигдан мөшгөгдсөн гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол улсад орогнох эрх олж авахын тулд хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн бол энэ гэмт хэрэгт тооцохгүй.
19.11 дүгээр зүйл. Хууль бус цагаачлал зохион байгуулах
1. Гадаад улсын харъяат эсхүл аль ч улсын харъяалалгүй хүнийг Монгол улсад хууль бусаар оруулсан, түүнийг Монгол улсад хууль бусаар байлгасан эсхүл Монгол улсын нутаг дэвсгэрээр хууль бусаар дамжин өнгөрүүлсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
ХОРЬДУГААР БҮЛЭГ.
НИЙГМИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
20.1 дүгээр зүйл.Террорист үйл ажиллагаа явуулах
1. Төрийн, олон улсын байгууллагаас тодорхой шийдвэр гаргуулах, гаргасан шийдвэрийг өөрчлүүлэх, шийдвэр гаргахаас татгалзуулах зорилгоор галдан шатаах, цахим сүлжээ, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх, цацраг идэвхт, хими, биологийн хортой эсхүл аюултай бодис ашиглаж, эсхүл заналхийлж хүн амыг айдаст автуулсан, хүн алсан, хүнд гэмтэл учруулсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.
20.2 дугаар зүйл. Террорист үйл ажиллагаанд бэлтгэх
1. Террорист үйл ажиллагаа явуулах зорилгоор зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, элсүүлсэн, татан оролцуулсан, зэвсэг хэрэгслээр хангасан, хүнийг бэлтгэсэн, сургасан бол найман жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Террорист үйл ажиллагааг бэлтгэхэд оролцсон хүн хэрэв төрийн байгууллагад цаг тухайд нь сэрэмжлүүлсэн эсхүл террорист үйл ажиллагааг таслан зогсооход бодитой тус дөхөм үзүүлсэн нь тухайн хүний үйлдэлд өөр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй бол ял шийтгэлээс чөлөөлнө.
20.3 дугаар зүйл. Террорист үйл ажиллагааг санхүүжүүлэх
1. Терроризм, террорист байгууллага, террорист хувь хүн эсхүл террорист үйл ажиллагаанд зарцуулагдахыг урьдчилан мэдсээр байж шууд эсхүл шууд бусаар эд хөрөнгө хуримтлуулсан, шилжүүлсэн, зарцуулсан бол эд хөрөнгийг хурааж таван жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
20.4 дүгээр зүйл. Террорист үйл ажиллагааны талаар зориуд худал мэдээлэх
1. Дэлбэлэх, галдан шатаах эсхүл хүмүүсийг үхэлд хүргэх аюул буй болгох бусад үйлдэл, эд хөрөнгийн хор уршиг учруулах, эсхүл нийгэмд аюултай өөр хор уршиг учруулахад бэлтгэж байгаа талаар зориуд худал мэдээлсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
20.5 дугаар зүйл. Террорист үйл ажиллагаанд уриалах, түүнийг нийтийн өмнө зөвтгөх
1. Террорист үйл ажиллагаа явуулахыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд уриалсан эсхүл терроризмыг нийтийн өмнө зөвтгөсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
20.6 дугаар зүйл. Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах
1. Гэмт хэрэг байнга үйлдэх зорилготой хүмүүсийн тогтвортой холбоог үүсгэн байгуулсан, хүнийг элсүүлсэн, татан оролцуулсан, зэвсэг хэрэгслээр хангасан, гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөсөн, бэлтгэсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
20.7 дугаар зүйл. Зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар ашиглах
1. Галт зэвсэг, түүний бүрдэл хэсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис эсхүл дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авсан, шилжүүлсэн, борлуулсан, хадгалсан, тээвэрлэсэн, авч явсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
20.8 дугаар зүйл. Зэвсэг хууль бусаар бэлтгэх
1. Галт зэвсэг, түүний бүрдэл хэсгийг хууль бусаар бэлтгэсэн эсхүл засварласан, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис эсхүл дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар бэлтгэсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
20.9 дүгээр зүйл. Зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хамгаалахад хайнга хандах
1. Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис эсхүл дэлбэлэгч төхөөрөмжийг хадгалах, хамгаалах хууль зүйн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас түүнийг ашиглан шамшигдуулахад хүргэсэн, устсан, үрэгдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
20.10 дугаар зүйл. Зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис ашиглан шамшигдуулах
1. Галт зэвсэг түүний бүрдэл хэсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис эсхүл дэлбэлэгч төхөөрөмжийг авч ашиглан шамшигдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
20.11 дүгээр зүйл. Нийгмийн хэв журам зөрчих
1. Нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэх, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлэх, эсхүл эд хөрөнгө устгах, гэмтээх, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирах, татан оруулах үйлдэлд хамтран оролцож нийгмийн аюулгүй байдалд халдсан, эсхүл олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглаж, эсхүл бусдын эд хөрөнгийг дээрэмдэж, эсхүл галдан шатааж, бусдын бие махбодид хүнд гэмтэл учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж, бусдын эд хөрөнгөд онц их хэмжээний хохирол учруулж гардан үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
ХОРИННЭГДҮГЭЭР БҮЛЭГ
ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
21.1 дүгээр зүйл. Нотлох баримт устгах
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах зорилгоор хэрэгт цуглуулсан нотлох баримтыг устгасан, гэмтээсэн, нуусан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, нотлох баримтыг хадгалах, хамгаалах хууль зүйн үүрэг хүлээсэн хүн үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
21.2 дугаар зүйл. Нотлох баримт хуурамчаар үйлдэх
1. Хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулах зорилгоор нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, засварласан, хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагч, прокурор, шүүхэд гаргаж өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, нотлох баримтыг хадгалах, хамгаалах хууль зүйн үүрэг хүлээсэн хүн үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
21.3 дугаар зүйл. Худал мэдүүлэх
1. Шүүх хуралдаанд оролцогч үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Шүүх хуралдаанд оролцогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
21.4 дүгээр зүйл. Худал орчуулах, хэлмэрчлэх
1. Шүүх хуралдаанд орчуулагч зориуд худал орчуулсан, хэлмэрч зориуд худал хэлмэрчилсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
21.5 дугаар зүйл. Гэрч, хохирогч, шинжээч, орчуулагчид хууль бусаар нөлөөлөх
1. Өөрт нь болон ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлэх, хүч хэрэглэх, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлэх, шан харамж амлах, өгөх, эсхүл гуйх, ятгах замаар гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлсэн, шинжээчээр худал дүгнэлт гаргуулсан, орчуулагчаар худал орчуулуулсан, хэлмэрчээр худал хэлмэрчлүүлсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
21.6 дугаар зүйл. Хууль сахиулагч, прокурор, шүүхэд хууль бусаар нөлөөлөх
1. Хууль сахиулагч, прокурор, шүүгч, иргэдийн төлөөлөгчийг албаны үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан өөрт нь болон ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлэх, хүч хэрэглэх, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлэх, шан харамж амлах, өгөх замаар хууль бусаар нөлөөлсөн бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг дээд шатны албан тушаалтан, төрийн өндөр албан тушаалтан дарамтлах, давуу байдал бий болгох, эсхүл бий болгохоор амлах, ятгах замаар үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
21.7 дугаар зүйл. Шүүхийг үл хүндэтгэх
1. Шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааны журам, дэгийг зөрчсөн, хуралдаан даргалагчийн шаардлагыг биелүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, шүүгч бүрэлдэхүүн, прокурор, өмгөөлөгч, хууль сахиулагчийг доромжилсон, заналхийлсэн бол нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
21.8 дугаар зүйл. Хууль бус шийдвэр гаргах
1. Хууль сахиулагч, прокурор, шүүгч өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор илт хууль бус шийдвэр гаргасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
21.9 дүгээр зүйл. Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах
1. Хууль сахиулагч, прокурор, шүүгч мөрдөн шалгах ажиллагааны баримт, мэдээллийг, мөрдөн шалгах ажиллагаатай холбогдуулан баримт мэдээлэл гаргаж өгсөн албан тушаалтан энэ тухайгаа зориуд задруулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
21.10 дугаар зүйл. Битүүмжлэгдсэн, хураагдсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх
1. Хуульд заасан үндэслэл журмаас гадуур эд хөрөнгө битүүмжилсэн, хураан авсан, эсхүл хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг хүлээсэн албан тушаалтан албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас эд хөрөнгө устсан, гэмтсэн бол нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Хуульд заасан үндэслэл журмын дагуу битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах хууль зүйн үүрэг хүлээсэн хүн завшсан, үрэгдүүлсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
21.11 дүгээр зүйл. Оргох
1. Цагдан хорих байр, төв, хорих ангиас оргосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
21.12 дугаар зүйл. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийх
1. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн, хуурамч гэрээ хийж, эд хөрөнгөө бусдад шилжүүлсэн, нуусан, битүүмжилсэн эд хөрөнгийг санаатайгаар үрэгдүүлсэн бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй албан тушаалтныг гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
21.13 дугаар зүйл. Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах, борлуулах
1. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан, хадгалсан, борлуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг:
2.1. тогтмол үйлдэж орлогын эх үүсвэр болгосон;
2.2. зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
21.14 дүгээр зүйл. Гэмт хэргийг нуун далдлах
1. Найман жилээс дээш хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэргийг урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан бол нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
ХОРИНХОЁРДУГААР БҮЛЭГ.
АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГ
22.1 дүгээр зүйл. Эрх мэдлийг урвуулан ашиглах
1. Нийтийн албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрхээ албаны эрх ашигт харшаар ашиглаж, эсхүл зориуд албаны чиг үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүйгээр өөртөө, эсхүл бусдад хууль бус давуу байдал бий болгосон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан үйлдсэн бол таван жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.2 дугаар зүйл. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад хууль бусаар нөлөөлөх
1. Нийтийн албан тушаалтан өөрийн албан тушаалын байдлаа ашиглан бусад нийтийн албан тушаалтнаар өөртөө болон бусдад давуу байдал олгуулах зорилгоор амлалт өгсөн, санал тавьсан, өөрийн албан тушаалын байдлыг ашиглан давуу байдал олгосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг үйлдэхдээ нийтийн албан тушаалтан заналхийлсэн, албадсан, төрийн өндөр албан тушаалтан үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.3 дугаар зүйл. Гадаад улсын төрийн албан тушаалтан, олон улсын байгууллагын албан тушаалтан эрх мэдлийг урвуулан ашиглах
1. Гадаад улсын төрийн албан тушаалтан, олон улсын байгууллагын албан тушаалтан, албаны чиг үүрэг, бүрэн эрхээ албаны эрх ашигт харшаар ашиглаж өөртөө, эсхүл бусдад хууль бус давуу байдал бий болгосон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.4 дүгээр зүйл. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих
1. Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого илт нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол хөрөнгө, орлогыг хурааж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан үйлдсэн бол хөрөнгө, орлогыг хурааж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.5 дугаар зүйл. Хууль бусаар шан харамж авах
1. Хууль зүйн үүргээ хэрэгжүүлсэн, эсхүл зохих ёсоор хэрэгжүүлээгүйн төлөө бусдаас шан харамж авсан нь албан тушаалын гэмт хэргийн шинжгүй бол нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.6 дугаар зүйл. Хахууль өгөх
1. Нийтийн албан тушаалтанд өөрт нь, эсхүл бусдаар дамжуулан эдийн болон эдийн бус баялаг шилжүүлсэн, төлбөргүй, хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл санал болгосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Хахууль өгсөн хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа мэдэгдсэн бол түүнийг ял шийтгэлээс чөлөөлнө.
22.7 дугаар зүйл. Хахууль авах
1. Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, албан үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль өгөхийг шаардсан, авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, эсхүл хясан боогдуулах замаар үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.8 дугаар зүйл. Төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах
1.Төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг:
1.1. төсөвт тусгагдаагүй зориулалтаар зарцуулсан;
1.2. батлагдсан төсвөөс өөр зориулалтаар зарцуулсан;
1.3. зөвшөөрөгдсөн төсвийн хэмжээнээс хэтрүүлсэн;
1.4. төсвийн хөрөнгийг зарцуулах нөхцөл, журмыг зөрчиж өөртөө, эсхүл бусдад давуу байдал олгосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.9 дүгээр зүйл. Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах
1. Нийтийн албан тушаалтан төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.10 дугаар зүйл. Төрийн өмчийн эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулах
1. Нийтийн албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж төрийн өмчийн хөдлөх эд хөрөнгийг хандивласан, бэлэглэсэн, барьцаалсан, зээлдүүлсэн, худалдсан, түрээслүүлсэн, хөрөнгө оруулалт хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
.2. Нийтийн албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгө, эзэмшил газрыг үндсэн чиг үүрэгт нь харшлах өөр зориулалтаар хандивласан, бэлэглэсэн, барьцаалсан, зээлдүүлсэн, худалдсан, түрээслүүлсэн, хөрөнгө оруулалт хийсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 22.12 дугаар зүйл. Улсын нөөцийг хууль бусаар зарцуулах 1. Улсын нөөцийн бараа, материалыг хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж, улсын нөөцөөс гаргасан, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй бусдад шилжүүлсэн, барьцаалсан, хандивласан, устгасан, худалдсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.13 дугаар зүйл. Аж ахуйн үйл ажиллагаанд хууль бусаар оролцох
1. Албан тушаалтан хөнгөлөлт, давуу байдал үзүүлэх эсхүл бусад байдлаар ивээлдээ авах зорилгоор хувь нийлүүлсэн болон хамтарсан аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулсан, эсхүл аж ахуйн үйл ажиллагааг гардан эрхэлсэн, удирдсан, тэдгээрийн удирдах зөвлөл болон захиргааны гишүүнээр ажилласан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.14 дүгээр зүйл. Албан тушаалтны нэрийг ашиглах
1. Нийтийн албан хаагч өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлсэн, ашигласан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.15 дугаар зүйл. Улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулах, хуурамч баримт бичиг үйлдэх
1. Нийтийн албан тушаалтан, албан хаагч өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор хуулиар тогтоосон улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулсан, мэдээллийг устгасан, өөрчилсөн, худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдэж бусдад олгосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.16 дугаар зүйл. Хуулийн этгээдийн эрх мэдлийг хортойгоор ашиглах
1. Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хууль тогтоомж, дүрмээр олгогдсон бүрэн эрх, албан тушаалын байдлыг байгууллагын эрх ашигт
харшаар ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал олгосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
ХОРИН ГУРАВДУГААР БҮЛЭГ.
НИЙТИЙН АЛБАНЫ АШИГ СОНИРХОЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
23.1 дүгээр зүйл. Хууль сахиулагчийг эсэргүүцэх
1. Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
23.2 дугаар зүйл. Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах
1. Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, түүнчлэн тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолооны үнэмлэх, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн болон эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон, төлбөр, тооцоо хийснийг баталсан баримт бичгийг ашиглах, эсхүл бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн, ашигласан, худалдсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
23.3 дугаар зүйл. Баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хулгайлах, устгах, гэмтээх, нуух
1. Эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, түүнчлэн тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолооны үнэмлэх, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн болон эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон, төлбөр, тооцоо хийснийг баталсан баримт бичгийг зориуд хулгайлсан, устгасан, гэмтээсэн бол нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
23.4 дүгээр зүйл. Хайнга хандах
1. Нийтийн албан тушаалтан хуулиар хүлээсэн албаны үүргээ биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад хор уршиг учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
23.5 дугаар зүйл. Мөрийтэй тоглоом зохион байгуулах
1. Хуулиар хориглосон үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом тоглуулах зорилгоор зориулалтын өрөө, тасалгаа тусгайлан бэлтгэсэн, тоног, төхөөрөмжийг суурилуулж бусдыг мөрийтэй тоглоом тоглохыг зохион байгуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
ХОРИН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.
ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
24.1 дүгээр зүйл. Мансууруулах бодис хууль бусаар ашиглах
1. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг нэг удаа хэрэглэх хэмжээгээр хууль бусаар олж авсан, бусдад өгсөн, худалдсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүхий эдийг хууль бусаар нэг удаагийн хэрэглээнээс хэтэрсэн хэмжээтэй олж авсан, бэлтгэсэн, дахин боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан, бусдад өгсөн бол таван жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ гэмт хэргийг:
3.1. тогтмол үйлдэж орлогын эх үүсвэр болгосон;
3.2. зохион байгуулалттай гэмт бүлэг;
3.2. хүүхдийг татан оролцуулсан бол найман жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэ зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис эсхүл эдгээртэй адилтгах зүйлийг сайн дураараа шилжүүлэн өгсөн ба мансууруулах хэрэгсэл, сэтгэцэд нөлөөт бодис эсхүл эдгээртэй адилтгах зүйлийн хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийг илрүүлэх, эсхүл таслан зогсооход идэвхтэй үйлдэл үзүүлсэн, түүнийг үйлдсэн хүнийг илчилсэн, гэмт замаар олсон эд хөрөнгийг илрүүлсэн хүнийг энэ гэмт хэрэгт хүлээлгэх ял шийтгэлээс чөлөөлнө. Мансууруулах хэрэгсэл, сэтгэцэд нөлөөт бодис эсхүл эдгээртэй адилтгах зүйлийг тухайн этгээдийг албадан саатуулах явцад гаргуулан авсан, ба түүнийг мөрдөн байцаалтын ажиллагааны явцад илрүүлсэн эсхүл гаргуулан авсныг сайн дураараа өгсөн гэж үзэхгүй.
24.2 дугаар зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг завших
1. Мансууруулах эм эсхүл сэтгэцэд нөлөөт бодисыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж завшсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
24.3 дугаар зүйл. Мансууруулах бодис агуулсан, хориглосон ургамлыг хууль бусаар тариалах
1. Мансууруулах бодис агуулсан, хориглосон ургамлыг хууль бусаар тариалсан, ургуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
24.4 дүгээр зүйл. Аюултай хог хаягдал, химийн хорт бодисыг хаях
1. Хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдал, химийн хорт бодисыг зориуд хаясан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
24.5 дугаар зүйл. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах
1. Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны байгууллага, иргэн эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хүний эрүүл мэндэд хохирол учруулж болох хүнсний бүтээгдэхүүн зориуд худалдсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
24.6 дугаар зүйл. Чанар муутай барилга барьж ашиглалтад оруулах
1. Хүний эрүүл мэндэд хохирол учруулж болохуйц барилга барьж зориуд ашиглалтад оруулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
24.7 дугаар зүйл. Хууль бусаар эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, хадгалах, худалдах, түгээх
1. Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хүн эмчилгээнд хэрэглэхийг хориглосон, хугацаа дууссан эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэсэн, импортолсон, хадгалсан, худалдсан, түгээсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Зохих зөвшөөрөлгүй хүн хууль бусаар эм үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
24.8 дугаар зүйл. Тахал болон гоц халдварт бусад өвчинтэй тэмцэх журам зөрчих
1. Ариун цэвэр эрүүл ахуй, дархлаажуулалтын талаар тогтоосон болон тахалтай тэмцэх журам зөрчсөнөөс, эсхүл дархлаажуулалтаас хүндэтгэх шалтгаангүйгээр зайлсхийснээс тахал болон гоц халдварт бусад өвчин тархсан эсхүл тархаж болох байсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
24.9 дүгээр зүйл. Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах
1. Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүнийг гэмтээсэн бол нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ хэргийн улмаас хохирогч нас барсан, бусад хүнд хор уршиг учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
ХОРИН ТАВДУГААР БҮЛЭГ
ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
25.1 дүгээр зүйл. Агаар бохирдуулах
1. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны улмаас ялгарсан химийн хорт, аюултай бодисыг цэвэршүүлэлгүй агаарт хаяж хүний эрүүл мэнд, мал, ан амьтан, шувуу, ургамал тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцлийг бүрдүүлсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
25.2 дугаар зүйл. Ус бохирдуулах
1. Химийн хорт, аюултай бодисыг цэвэршүүлэлгүйгээр, эсхүл аюултай хог хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газарт байгаа гадаргын ус болон газрын доорх ус, усан хангамжийн эх үүсвэрт хаяж хүний эрүүл мэнд, мал, ан амьтан, шувуу, загас, ургамал тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцлийг бүрдүүлсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
25.3 дугаар зүйл. Газрын хөрс бохирдуулах
1. Хорт эсхүл аюултай бодисыг Монгол Улсын нутаг дэвсгэр дэх газрын хөрсөнд хаяж хүний эрүүл мэнд, мал, ан амьтан, шувуу, загас, ургамал тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцлийг бүрдүүлсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хорих ял шийтгэнэ.
25.4 дүгээр зүйл. Газар хэвлийд халдах
1. Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаа явуулж, ашигт малтмал бүхий талбайд барилга байгууламж барьж газрын хэвлийд халдсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Тусгай зөвшөөрлийн дагуу ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулсан талбайд нөхөн сэргээлтийн ажил хийгээгүй бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
25.5 дугаар зүйл. Химийн хорт, аюултай бодисын тухай хууль тогтоомж зөрчих
1.Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар экспортолсон, импортолсон, хил дамжуулан тээвэрлэсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, ашигласан, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
25.6 дугаар зүйл. Цөмийн хаягдал, цацраг идэвхт бодистой хууль бусаар харьцах
1. Цөмийн хаягдал, цацраг идэвхт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, ашигласан, шилжүүлсэн, булсан /булшилсан/ бол таван жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
25.7 дугаар зүйл. Хууль бусаар ан агнах
1. Улсын тусгай хамгаалалттай газар нутаг, агнуурын бүс нутгаас бусад газарт, амьтныг агнах хориотой үед, хориглосон хугацаанд, хориглосон арга, зэвсэг хэрэгслээр амьтан агнасан, барьсан, хориглосон үйл ажиллагаа, зөвшөөрөлгүйгээр нутагшуулсан, ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эд зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаадад улсад гаргахыг завдсан, ховор амьтны чихмэл, эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, нутагшуулсан, сэргээн нутагшуулсан, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргахыг завдсан, ховор амьтны чихмэл, эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
25.8 дугаар зүйл. Хууль бусаар мод бэлтгэх
1. Хууль бусаар ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан болон ойд хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьжиргааны эх үүсвэр болгосон, бүлэглэж, эсхүл улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
25.9 дүгээр зүйл. Ой, хээрийн түймэр тавих
1. Гал болон шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч, хохирогч нас барсан, онц их хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Ой, хээрийн түймэр санаатай тавьсны улмаас хохирогч нас барсан, онц их хэмжээний хохирол учирсан бол гурван жилээс найман хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
25.10 дугаар зүйл. Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх
212.1.Нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
25.11 дүгээр зүйл. Байгалийн тэнцэл алдагдуулах
1.Амьтны аймаг, ургамлын төрөл зүйлийг бөөнөөр нь гэмтээсэн, устгасан, агаар мандал, усны нөөцийг хордуулсан эсхүл бусад хэлбэрээр байгалийн тэнцлийг алдагдуулж байгалийн гамшигт хүргэсэн бол найман жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
ХОРИН ЗУРГААДУГААР БҮЛЭГ
СОЁЛЫН ӨВИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
26.1 дүгээр зүйл. Соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэж гэмтээх, устгах
1. Монгол Улсын соёлын үл хөдлөх дурсгалыг санаатай эвдсэн, гэмтээсэн, устгасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Улс, орон нутгийн хамгаалалтад авсан соёлын үл хөдлөх дурсгалыг санаатай эвдсэн, гэмтээсэн, устгасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ гэмт хэргийг нийтэд аюултай аргаар үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
26.2 дугаар зүйл. Соёлын өвийг нуух
1. Үйлдвэрлэлийн болон үйл ажиллагааны явцад соёлын биет өвд хамаарах эд өлгийн зүйл, олдворыг олсон хүн зориуд нуусан бол нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
26.3 дугаар зүйл. Хууль бусаар соёлын өвийн хайгуул, малтлага хийх
1. Хууль бусаар соёлын өвийн хайгуул, малтлага, судалгаа хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Хууль бус соёлын өвийн хайгуул, малтлага, судалгааг санхүүжүүлсэн, зуучилсан, тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр үйлчилсэн, газарчилсан, орчуулга, хөтөч хийсэн, хууль бус олдворыг тээвэрлэсэн, хадгалсан бол нэг жилээс таван жил хүртэл хорих ял шийтгэнэ.
26.4 дүгээр зүйл. Соёлын өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах
1. Соёлын өвийн худалдааг хууль бусаар явуулсан, зуучилсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол эд хөрөнгийг хурааж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
26.5 дугаар зүйл. Соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлийг тогтоосон хугацаанд хилээр оруулж ирэхгүй байх
1. Соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлийг хуулиар тогтоосон журмын дагуу тогтоосон хугацаандаа улсын хилээр оруулж ирээгүй бол нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
ХОРИНДОЛДУГААР БҮЛЭГ
ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ,
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АШИГЛАЛТЫН ЖУРМЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
27.1 дүгээр зүйл. Төмөр зам, усан, агаарын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюултайгаар халдах
1. Зөөх, тээвэрлэх зориулалттай хэрэгсэл, эсхүл тэдгээрийн эд ангийг устгасан, гэмтээсэн, ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан, буруу дохио, анхааруулга өгсөн, үүнтэй төстэй аюултай үйлдэл хийх замаар төмөр зам, усан зам, агаарын тээврийн хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж хүний эрүүл мэнд амь насанд аюул учруулах, эсхүл бусдын эд хөрөнгөд онц их хэмжээний хохирол
учруулах нөхцлийг бүрдүүлсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Золгүй учрал гарах нөхцлийг зориуд бүрдүүлэх, эсхүл өөр гэмт хэргийг нуун далдлах, эсхүл өөр гэмт хэрэг үйлдэхийн тулд төмөр зам, усан зам, агаарын тээврийн хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж хүний биед хүнд гэмтэл, эсхүл хэд хэдэн хүний эрүүл мэндэд хохирол учруулсан бол хоёр жилээс найман жил хүртэл хорих ял шийтгэнэ.
3. Энэ зүйлийн нэгдэх хэсэгт заасан үйлдлийг болгоомжгүйгээр үйлдсэн бол нэг жил хүртэл хорих ял шийтгэнэ.
27.2 дугаар зүйл. Төмөр зам, усан, агаарын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул учруулах
1. Согтууруулах, мансууруулах бодис хэрэглэсэн, өвчин, бусад нөхцөл байдлын улмаас өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй үедээ төмөр зам, усан, агаарын тээврийн хэрэгсэл жолоодсон эсхүл тээврийн хэрэгслийн жолооч, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн хүн тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын дүрэм, журмыг ноцтой зөрчсөнөөс хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан, эсхүл бусдын эд хөрөнгөд онц их хэмжээний хохирол учруулсан бол нэг жилээс таван жил хүртэл хорих ял шийтгэнэ.
27.3 дугаар зүйл. Замын хөдөлгөөнд аюултайгаар халдах
1. Авто тээврийн хэрэгслийг эсхүл түүний эд ангийг устгасан, гэмтээсэн, ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан, үүнтэй төстэй аюултай үйлдлээр замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж хүний эрүүл мэнд амь насанд аюул учруулах, эсхүл бусдын эд хөрөнгөд онц их хэмжээний хохирол учруулах нөхцлийг бүрдүүлсэн бол нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Золгүй учрал гарах нөхцлийг зориуд бүрдүүлэх, эсхүл өөр гэмт хэргийг нуун далдлах, эсхүл өөр гэмт хэрэг үйлдэхийн тулд замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж хүний биед хүнд гэмтэл, эсхүл хэд хэдэн хүний эрүүл мэндэд хохирол учруулсан бол хоёр жилээс найман жил хүртэл хорих ял шийтгэнэ.
27.4 дүгээр зүйл. Замын хөдөлгөөнд аюул учруулах
1. Согтууруулах, мансууруулах бодис хэрэглэсэн, өвчин, бусад нөхцөл байдлын улмаас өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол долоо хоногоос нэг сар хүртэл хорих ял шийтгэнэ.
2. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, эсхүл жолоодох эрхгүй хүн согтууруулах, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
27.5 дугаар зүйл. Хөдөлгөөний аюулгүй байдал, төмөр зам, агаарын, усан замын тээврийн ашиглалтын журам зөрчих
1. Төмөр зам, агаарын эсхүл усан замын тээврийн хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэг бүхий хүн үүргээ зохих ёсоор
биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэнд, амь нас, эсхүл эд хөрөнгөд хохирол учрах нөхцлийг бүрдүүлсэн бол нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
27.6 дугаар зүйл. Нисэх багийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох
1. Агаарын хөлгийн нислэгийн үед нисэх багийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон, хэвийн үйл ажиллагааг саатуулсан бол нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Агаарын хөлгийн нислэгийн үед нислэгийн үйл ажиллагаанд саад учруулсан, нисэх багийн гишүүн, зорчигчидтой зүй бусаар харилцсаны улмаас хүний эрүүл мэнд, амь нас, эсхүл эд хөрөнгөд хохирол учрах нөхцлийг бүрдүүлсэн, нислэгийн үйл ажиллагаа удаан хугацаагаар саатсан бол гурван сараас зургаан сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
27.8 дүгээр зүйл. Осол, зөрчилд өртсөн агаарын хөлгийн бодит хяналтын хэрэгслийг устгах, гэмтээх
1. Осол, зөрчилд өртсөн агаарын хөлгийн осол зөрчлийн талаар мэдээлэл олж авах, шинжлэн шалгах ажиллагаанд ашиглах зорилгоор агаарын хөлөгт байрлуулсан төхөөрөмж, түүний бичлэгийг устгасан, гэмтээсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
27.9 дүгээр зүйл. Агаарын навигацийн тоног төхөөрөмжийг эвдэж гэмтээх, нисэх буудлын үйлчилгээнд саад учруулах
1. Агаарын навигацийн тоног төхөөрөмжийг устгаж, гэмтээж нисэх буудлын үйлчилгээнд саад учруулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
27.10 дугаар зүйл. Нислэгийн журам зөрчих
1. Хүндэтгэх шалтгаангүйгээр зөвшөөрөлгүй нислэг үйлдсэн, заасан маршрутыг зөрчиж ниссэн, агаарын зам, буух газрыг дур мэдэн өөрчилсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Олон улсын нислэгийн журмыг дур мэдэн зөрчиж энэ гэмт хэргийг үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ гэмт хэргийн улмаас агаарын хөлөг осолдсон, сүйрсэн, онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч таван жилээс арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
27.11 дүгээр зүйл. Агаарын хөлгийг авч зугтаах
1. Агаарын хөлгийг авч зугтаах зорилгоор эзлэн авсан, зугтаасан бол таван жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
27.12 дугаар зүйл. Замын барилга, ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчих
1. Замын барилга, ашиглалт, засварын аюулгүй байдлыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах нөхцлийг бүрдүүлсэн бол нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
27.13 дугаар зүйл. Зам тээврийн ослын үед жолооч хууль зүйн үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах
1. Зам тээврийн ослын талаар холбогдох байгууллага албан тушаалтанд мэдэгдэх хууль зүйн үүрэг хүлээсэн хүн үүргээ зориуд биелүүлээгүй бол нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан бол нэг хоёр сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
27.14 дүгээр зүйл. Жолоогоо бусдад шилжүүлэх
1.Тээврийн хэрэгсэл жолоодож явсан хүн согтуурсан, мансуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болохыг мэдсээр байж бусдад жолоогоо шилжүүлсэн бол долоо хоногоос нэг сар хүртэл хорих ял шийтгэнэ.
ХОРИН НАЙМДУГААР БҮЛЭГ
ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
28.1 дүгээр зүйл. Цахим мэдээлэлд хууль бусаар халдах
1. Цахим төхөөрөмж, мэдээллийн хамгаалалттай сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, хуулбарлаж авсан, мэдээлэл нэмж оруулсан, программ хангамж, сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, эсхүл мэдээлэл хадгалагдаж байгаа төхөөрөмжийг устгасан, гэмтээсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
28.2 дугаар зүйл. Цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах программ, техник хэрэгсэл бэлтгэх, борлуулах
1. Цахим төхөөрөмж, мэдээллийн хамгаалалттай сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ, эсхүл техник хэрэгслийг бэлтгэсэн, борлуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
28.3 дугаар зүйл. Хор хөнөөлт программ хангамж бүтээх, ашиглах, тараах
1. Цахим төхөөрөмжид хадгалагдаж байгаа мэдээллийг зөвшөөрөлгүйгээр устгах, гэмтээх, өөрчлөх, хуулбарлах, мэдээлэл олж авах, программ хангамж, мэдээлэл хадгалагдаж байгаа төхөөрөмж, сүлжээг ашиглах боломжгүй болгох, хэвийн үйл ажиллагааг алдагдуулах зориулалттай хор хөнөөлт программ хангамжийг тусгайлан зохиосон, зориудаар ашигласан, тараасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
ХОРИН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ЦЭРГИЙН АЛБАНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
29.1 дүгээр зүйл. Тушаал биелүүлэхгүй байх
1. Цэргийн дүрмийн дагуу өгсөн дарга, захирагчийн тушаалыг захирагдагч биелүүлээгүйн улмаас цэргийн албаны ашиг сонирхолд гэм хор учруулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг бүлэглэж эсхүл дайны байдалд шилжсэн, эсхүл онц байдал зарласан үед үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
29.2 дугаар зүйл. Дарга, захирагчийг заналхийлэх, эсэргүүцэх, хүч хэрэглэх
1. Цэргийн албаны үйл ажиллагааг хууль, дүрмийн дагуу явуулсантай нь холбогдуулан дарга, захирагчаа зодсон, хүч хэрэглэн эсэргүүцсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
29.3 дугаар зүйл. Дарга, эсхүл захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх
1. Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж дарга, эсхүл захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн бол нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
29.4 дүгээр зүйл. Бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчих
1. Бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид харилцан зодолдох эсхүл бусад байдлаар хүч хэрэглэсэн бол нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг бүлэглэж, эсхүл зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
29.5 дугаар зүйл. Цэргийн албанаас оргон зайлах
1. Хугацаат, эсхүл гэрээт цэргийн албан хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, салбар, алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан, эсхүл албан томилолт, амралтын чөлөө дууссан эсхүл эмнэлгээс гарсны дараа эргэж ирээгүй бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг дайны байдалд шилжсэн эсхүл онц байдал зарласан үед үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
29.6 дугаар зүйл. Биедээ гэмтэл учруулах, өөр бусад аргаар цэргийн албанаас зайлсхийх
1. Цэргийн жинхэнэ, эсхүл гэрээт цэргийн албан хаагч өөрийн биед гэмтэл учруулах, худал өвчлөх, хуурамч баримт бичиг үйлдэж ашиглах зэргээр хууран мэхэлж цэргийн албанаас зайлсхийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг дайны байдалд шилжсэн эсхүл онц байдал зарласан үед үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
29.7 дугаар зүйл. Цэргийн эд хөрөнгө, байлдааны галт хэрэгслийг зарах, үрэгдүүлэх, завших
1. Цэргийн жинхэнэ эсхүл гэрээт цэргийн албан хаагч өөрт нь хэрэглүүлэхээр тавьж олгосон цэргийн хувцас, хэрэгсэл, эд зүйлийг бусдад худалдах, арилжих, бэлэглэх, барьцаанд өгөх зэргээр завшсан, эсхүл тэдгээрийг арчилж хамгаалах, хэрэглэх үүргээ биелүүлээгүй бол нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Цэргийн жинхэнэ эсхүл гэрээт цэргийн албан хаагч өөрт нь итгэмжлэн хариуцуулсан байлдааны зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг завшсан, үрэгдүүлсэн, гээгдүүлсэн, эсхүл цэргийн техник, тоног төхөөрөмж, тээврийн болон бусад зөөвөрлөх хэрэгсэл буюу цэргийн эд хөрөнгийг харж хамгаалах үүргээ биелүүлээгүй бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг дайны байдалд шилжсэн, онц байдал зарласан үед үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
29.8 дугаар зүйл. Цэргийн эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх
1.Байлдааны зэвсэг, галт хэрэгсэл, тээврийн болон зөөвөрлөх хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийг санаатай устгасан, гэмтээсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг дайны байдалд шилжсэн эсхүл онц байдал зарласан үед үйлдсэн бол таван жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
29.9 дүгээр зүйл. Байлдааны зэвсэг, галт хэрэгсэл, орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэлтэй харьцах журам зөрчих
1.Байлдааны зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйл, цацраг идэвхт бодистой харьцах журам зөрчсөнөөс хүний бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
29.10 дугаар зүйл. Байлдааны машин жолоодох, ашиглалтын журам зөрчих
1.Байлдааны тусгай зориулалтын болон цэргийн тээврийн машин жолоодох, ашиглах журам зөрчсөний улмаас хүний бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл учирсан бол нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, энэ хэргийн улмаас хохирогч нас барсан, эсхүл хүний бие махбодид хүнд гэмтэл учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
29.11 дүгээр зүйл. Байлдааны, сургуулийн нислэг хийх, түүнд бэлтгэх журам зөрчих
1.Байлдааны, сургуулийн нислэг хийх, түүнд бэлтгэх талаар тогтоосон журам зөрчсөн бол нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийн улмаас онгоц сүйрсэн, хохирогч нас барсан, бусад хүнд хор уршиг учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
29.12 дугаар зүйл. Байлдааны жижүүр хийх журам зөрчих
1.Гадаад улсын цэргийн халдлагыг цаг тухайд нь илрүүлэх үүрэг бүхий байлдааны жижүүр хийх журмыг зөрчсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ хэргийг дайны байдалд шилжсэн эсхүл онц байдал зарласан үед үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
29.13 дугаар зүйл. Дотоод албаны журам зөрчих
1.Цэргийн анги, нэгтгэлийн хоногийн манааны /харуулаас гадна/ үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн албан хаагч дотоод албаны журам зөрчсөн бол нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг дайны байдалд шилжсэн эсхүл онц байдал зарласан үед үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
29.14 дүгээр зүйл. Харуулын албаны журам зөрчих
1.Харуулын албаны журам, түүний дагуу гарсан захирагчийн тушаал, захирамжийг зөрчсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг дайны байдалд шилжсэн эсхүл онц байдал зарласан үед үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
29.15 дугаар зүйл. Хилийн алба хаах журам зөрчих
1.Монгол Улсын хил хамгаалах манааны бүрэлдэхүүнд орсон цэргийн албан хаагч хил хамгаалах хууль тогтоомж, түүний дагуу гарсан дүрэм, журмыг зөрчсөн бол нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг хилийн цэргийн офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагч үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
29.16 дугаар зүйл. Байлдааны талбарыг дур мэдэн орхих, дайсантай зэвсэг барьж байлдахаас зайлсхийх
1.Цэргийн албан хаагч дайны үед байлдааны талбарыг дур мэдэн орхиж явсан, даргын тушаалгүйгээр ухарсан, дайсантай зэвсэг барьж байлдахаас зайлсхийсэн бол найман жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
29.17 дугаар зүйл. Сайн дураараа дайсанд бууж өгөх
1. Цэргийн албан хаагч дайсанд сайн дураар бууж өгсөн бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг дээд, эсхүл ахлах офицер үйлдсэн бол арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
29.18 дугаар зүйл. Байлдааны талбарт тонуул хийх
1.Байлдааны талбарт алагдсан, шархадсан хүмүүсийн эд зүйлийг авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
29.19 дүгээр зүйл. Байлдааны талбарт Улаан загалмайн тэмдгийг хууль бусаар зүүх, урвуулан ашиглах
1.Зохих эрхгүй хүн байлдааны талбарт Улаан загалмайн байгууллагын далбаа, тэмдэг, нүүлгэн зайлуулах эмнэлгийн тээврийн хэрэгслийн будгийн өнгийг ашигласан бол нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
ГУЧДУГААР БҮЛЭГ
ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ,
ЭНХТАЙВНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
30.1 дүгээр зүйл. Түрэмгий дайныг төлөвлөх, бэлтгэх, өдөөх эсхүл дэгдээх
1. Түрэмгий дайныг төлөвлөсөн, бэлтгэсэн эсхүл өдөөсөн бол найман жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Түрэмгий дайн дэгдээсэн бол найман жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
30.2 дугаар зүйл. Түрэмгий дайн өдөөхийг нийтэд уриалах
1. Түрэмгий дайн өдөөхийг нийтэд уриалсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ хэргийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглаж, эсхүл Монгол улсын төрийн албан тушаалтан үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
30.3 дугаар зүйл. Үй олноор хөнөөх зэвсэг боловсруулах, үйлдвэрлэх, хуримтлуулах, олж авах, борлуулах
1. Монгол улсын олон улсын гэрээгээр хориглосон хими, биологийн, эсхүл үй олноор устгах бусад төрлийн зэвсгийг боловсруулсан, үйлдвэрлэсэн, хуримтлуулсан, олж авсан, худалдсан бол таван жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
30.4 дүгээр зүйл. Дайны үед хориглосон арга, хэрэгсэл хэрэглэх
1. Дайны олзлогдогч эсхүл энгийн хүн амтай харгис хэрцгий харьцсан эсхүл энгийн хүн амыг албадан гаргасан, эзлэгдсэн нутаг дэвсгэр дэх үндэсний эд хөрөнгийг тоносон, Монгол улсын олон улсын гэрээгээр хориглосон дайны арга эсхүл хэрэгсэл хэрэглэсэн бол найман жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.
2. Монгол улсын олон улсын гэрээгээр хориглосон үй олноор устгах зэвсэг хэрэглэсэн бол найман жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
30.5 дугаар зүйл. Төрлөөр устгах
1. Үндэс, угсаа, арьсны өнгө эсхүл шашны тодорхой бүлгийг устгах зорилгоор хүнийг алсан, бие махбодид хүнд гэмтэл учруулсан, төрөлтийг хүчээр зогсоосон, хүүхдийг нь бусад бүлэгт шилжүүлсэн, албадан зайлуулсан, эсхүл амьдралын өөр нөхцөл бий болгох замаар тэднийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн устаж үгүй болоход хүргэсэн, хүчээр сураггүй алга болгосон бол найман жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
30.6 дугаар зүйл. Хөлсний цэрэг ашиглах
1. Зэвсэгт мөргөлдөөн, дайны үйл ажиллагаанд мөнгө, эд хөрөнгийн шан харамж өгч зэвсэгт мөргөлдөөн эсхүл байлдааны ажиллагаанд Монгол Улсын иргэн бус, Монгол улсын нутаг дэвсгэрт байнга оршин суудаггүй хүн, эсхүл албан ёсны үүрэг гүйцэтгээгүй гадаад улсын хөлсний цэрэг ашигласан, түүнийг сургаж бэлтгэсэн, санхүүжүүлсэн, бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлсэн бол таван жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үйлдсэн, эсхүл насанд хүрээгүй хүнийг татан оролцуулсан бол найман жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Хөлсний цэрэг зэвсэгт мөргөлдөөн, дайны үйл ажиллагаанд оролцсон бол найман жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
30.7 дугаар зүйл. Олон улсын хамгаалалтад байдаг хүнд халдах
1. Дайн өдөөх, улс хоорондын харилцааг хурцатгах зорилгоор гадаад улсаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд, дипломат элч, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсад албан ёсны болон ажлын айлчлалаар ирсэн гадаад улсын төрийн тэргүүн, түүний гэр бүл буюу Монгол Улсад өөрийн улсын төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах эрх бүхий хүн, олон улсын байгууллагын ажилтан, түүнчлэн тэдний албан өрөө, орон байр, тээврийн хэрэгсэлд халдсан бол таван жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг үйлдэхдээ олон улсын хамгаалалтад байдаг хүмүүсийг алсан, барьцаалсан, эд хөрөнгийг нь их хэмжээгээр гэмтээсэн, устгасан бол найман жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
ГУЧИННЭГДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
31.1 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
1. Энэ хуулийг 20… оны … дугаар сарын …-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
/гарын үсэг/

 

Санал асуулга

Та Булган аймгийн прокурорын газрын талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?
 

Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр78
mod_vvisit_counterӨчигдөр217
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт1237
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт1905
mod_vvisit_counterЭнэ сард6704
mod_vvisit_counterӨнгөрсөн сард6360
mod_vvisit_counterНийт137290

We have: 3 guests online
Таны IP: 50.19.171.113
 , 
Өнөөдөр: 11-р сар 22, 2014

Цаг бол алт

Зургийн цомог